Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Салбар хуралдаануудад УИХ-ын гишүүд оролцлоо

Энэ өдөр Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулганы “Улс төр, аюулгүй байдал”, “Эдийн засаг ба худалдаа”-ны салбар хуралдаанууд болов.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Салбар хуралдаануудад УИХ-ын гишүүд оролцлоо
Салбар хуралдаануудад УИХ-ын гишүүд оролцлоо. Зураг: МҮОНРТ

Энэ өдөр Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулганы “Улс төр, аюулгүй байдал”, “Эдийн засаг ба худалдаа”-ны салбар хуралдаанууд болов.

“Бүс нутаг болон дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлыг тогтоож, хөгжил цэцэглэлтийг цогцлоохын төлөөх парламентын дипломат ажиллагаа” сэдвийн дор өрнөсөн улс төр, аюулгүй байдлын салбар хуралдаанд УИХ-ын гишүүн Ч.Улаан, Б.Пүрэвдорж нар оролцлоо. Уг хуралдаанаар парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар улс хоорондын болон бүс нутгийн харилцаанд дэмжлэг үзүүлэх арга механизм, санал санаачилгыг хэлэлцлээ.

Түүнчлэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, зөрчил мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн тулд улс орон бүр хууль тогтоомжоо сайжруулж, хамтын хүчин хүчин чармайлтаа нэгтгэх нь зүйтэй гэж гишүүн орнууд үзэж байна. Мөн терроризм, хар тамхи, мөнгө угаах, хүний наймаатай холбоотой хил дамнасан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох талаар өмнөх хуралдаануудаар дэвшүүлсэн асуудлуудын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилгоо зөвшилцөв.

Хоёр дахь салбар хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Баатарбилэг, А.Сүхбат, Ч.Улаан нар оролцож, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг хангахад хууль тогтоох байгууллагуудын оруулах хувь нэмэр, хүчин чармайлтын асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар бүс нутагтаа олон талт худалдааны нэгдсэн тогтолцоотой болох, худалдаан дахь тарифын бус хориг саадыг арилгах, интернэт худалдааг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, эко хөдөө аж ахуй, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, санхүү, технологийн боломж нөхцөлийг сайжруулах зэрэг асуудлаар гишүүн орнууд, түүний дотор Монголын парламентчид байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболд чуулга уулзалтад оролцож буй улс орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын хамт БНСВУ-ын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фү Чонг-д бараалхав.

Хуваалцах