Санал хураалтад оролцохгүй байхыг уриалав
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль /Давхар дээлийн хууль/-ийн төслүүдийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна.
Мэдээллийн алба

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Н.Алтанхуяг, Д.Тэрбишдагва, Х.Тэмүүжин, Ч.Улаан, Л.Болд, С.Оюун, Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, Д.Бат-Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, Ц.Оюунгэрэл, Я.Санжмятав, М.Сономпил, Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар танаа
Санал хураалтад оролцохгүй байхыг уриалах нь
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль /Давхар дээлийн хууль/-ийн төслүүдийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна.
Хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа Та бүхэн санал хураалтад оролцох нь шууд ашиг сонирхолын зөрчил үүсэхээр болж байгаа юм.
Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүн болж, эрх мэдлийн давхар дээлтэй байх зөв эсэх талаар цаг үеийн экспресс судалгааг явуулахад 4 хүн тутмын 3 нь эсэргүүцсэн бөгөөд судалгаанд хамрагдсан иргэдээс эрх мэдлийн давхар дээлтэй байх эсэхийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэхэд одоогийн сайдын албан хашиж буй Улсын Их Хурлын 17 гишүүн хуралд сууж санал хураалтад оролцох эсэх талаар тодруулахад 77.9 хувь ашиг сонирхлын зөрчил үүсэх учир оролцох нь буруу гэж үзсэн байна. Түүнчлэн, “Засгийн газрын гишүүн санал хураалтад оролцох нь цэвэр өөрсдийнх нь ёс суртахуун, ухамсарын асуудал, ашиг сонирхлын зөрчил үүссэн үгүй гэдгийг сайн дураараа шийдэх эрхтэй” гэсэн байр суурийг Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга, Улсын Их Хурлын бусад гишүүдээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлж байсан.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ” гэж тус тус заасан байдаг.
Иймд Та бүхэн хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр сайн дураараа санал хураалтад оролцохгүй байхыг уриалж байна.
ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮДИЙН ЭВСЭЛ


















