Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.25) хуралдааны төгсгөлд Засгийн газраас аравдугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг дэмжив
“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг дэмжив. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.25) хуралдааны төгсгөлд Засгийн газраас аравдугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцсэн юм. Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Дээрх салбаруудын хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2017-2018 онд Монгол Улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс Азийн хөгжлийн банкны Энгийн эх үүсвэрээс 404 сая ам.доллар, тус банкны Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг тус тус олгохоор төлөвлөжээ. Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд жилийн хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн нөхцөлтэй байдаг. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг ба Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй ажээ.

Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Элдэв-Очир, Д.Эрдэнэбат, Д.Дамба-Очир, Б.Жавхлан, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийг Монгол Улс авахыг дэмжиж байгаа ч зарцуулалтыг оновчтой болгоход Сангийн яам, Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай гэдэг саналыг хэлж байлаа. Тухайлбал, экспортод чиглэсэн жижиг дунд үйлдвэрлэл, боловсрол, нийслэлийн шинэ дүүргийг зохион байгуулах, нэн шаардлагатай нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа тэмдэглэж байлаа.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаан оролцсон гишүүдийн 73.3 хувь нь Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг дэмжив. Эдийн засгийн байнгын хороо энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ.

Хуваалцах