“Сэлэнгэ-2014” хээрийн сургуулилт Дорнодын их талд үргэлжилж байна
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2014” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль хоёр орны өвөг дээдсийн амжилт, ялалтаа дархалсан Дорнодын их талд өрнөж байна.
Мэдээллийн алба

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2014” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль хоёр орны өвөг дээдсийн амжилт, ялалтаа дархалсан Дорнодын их талд өрнөж байна. Хоёр орны уламжлалт найрсаг харилцааны нэгэн илэрхийлэл болсон эл сургууль өнөө жил Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойтой давхцан зохион байгуулагдаж анх удаа тал хээрийн бүсэд явагдаж байгаагаараа онцлог юм.
Түүнчлэн жилээс жилд хоёр улсын талаас оролцох бүрэлдэхүүний тоо нэмэгдэж, сургуулийн цар хүрээ өргөжин тэлж байгаа нь энэ жилийн сургуулиас бэлхэнээ харагдаж байна. Тодруулбал, хоёр орны хүчжүүлсэн мотобуудлагын батальон, нисэх хүчний гээд нийт 1000 гаруй цэргийн алба хаагч, 100 гаруй нэгж техниктэйгээр өнөө жилийн хамтарсан сургуульд оролцож байгаа юм.
Монгол Улс, ОХУ-ын хоорондын стратегийн түншлэлийн түвшинг гүнзгийрүүлэх, хоёр орны Зэвсэгт хүчний харилцаа, цэрэг-техникийн хамтын ажиллагааны ололтыг бүх талаар бэхжүүлэх, хил орчмын бүсэд олон улсын терроризмын аюултай тэмцэх зорилгоор хоёр улсын цэргийн хүчийг хамтарч ашиглах асуудлыг боловсруулж, хоёр талын цэргийн салбаруудын жигдрэлтийг нэмэгдүүлэх, бие бүрэлдэхүүнийг дадлагажуулах, Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойн баярыг угтаж хоёр орны дайчдын байгуулсан ялалтыг мөнхжүүлэх, ард иргэдэд сурталчилан таниулах, Чойбалсан хот дахь Монгол, Зөвлөлтийн дайчдад зориулсан зарим хөшөө, дурсгалуудыг сэргээн засварлах, орчин тойрныг тохижуулах, хоёр орны Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа, дайчин замналыг орон нутгийн ард иргэдэд сурталчилан таниулах, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх зэрэг олон зорилгыг агуулсан “Сэлэнгэ-2014” хээрийн сургууль амжилттай явагдаж байна.


















