Сэтгүүлчид зудтай сумын малчдад тусламжийн гараа сунгалаа
Орон нутгаас авсан мэдээллээр Хужирт сумын урд, Өлзийтийн зүүн, Есөнзүйл сум бүхэлдээ цасанд хучигдаж, мал бэлчээрлэх боломжгүй, зам, даваа хаагджээ.
Мэдээллийн алба

Сайн дурын байгууллага, иргэдийн санаачилгаар зудтай аймгийн малчдад туслах аян үргэлжилж байна. Өвөрхангай аймгийн сэтгүүлчдийн “Бичиг занги” ТББ-аас санаачилсан “Малчдад тусалъя” аяныг 20 хоногийн турш явуулахаар болжээ. Одоогоор Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Хужирт, Баян-Өндөр сумын малчдад тусламжийн гар сургаж байна.
Орон нутгаас авсан мэдээллээр Хужирт сумын урд, Өлзийтийн зүүн, Есөнзүйл сум бүхэлдээ цасанд хучигдаж, мал бэлчээрлэх боломжгүй, зам, даваа хаагджээ. Тиймээс мал төллөж эхэлсэн энэ үед малчид өвс, тэжээл авах, хүргэх ажил маш их хүндрэлтэй байгаа юм.
ОБЕГ-аас авсан хаваржилтын нөхцөл байдлын мэдээгээр Бат-Өлзий, Нарийнтээл сум цагаан зудтай байна.
Аянд нэгдсэн хүмүүс малчдад аль болох хэрэгцээтэй лаа, шүдэнз, бээлий, гутал, хувцас, нэмнээ, өвс, хивэг, мөнгөн тусламж үзүүлж байна. Түүнчлэн Гамшгаас хамгаалах сангаас 23 сая орчим төгрөгийн өвс, тэжээл, бензин шатахуун, машин тэрэгний туслалцаа үзүүлж, зам, давааг нээх ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. Хандивын аян ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ.


















