Шадар сайд ОБЕГ-т ажиллав
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр ОБЕГ-ын даргын зөвлөлийн хуралд оролцож тус байгууллагын 2013 оны эхний хагас жилийн ажлын тайлан, үйл ажиллагаатай танилцлаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр ОБЕГ-ын даргын зөвлөлийн хуралд оролцож тус байгууллагын 2013 оны эхний хагас жилийн ажлын тайлан, үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн ОБЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын эрхзүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдлийн менежмэнтийн үндэсний дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй танилцав.
Мөн хурлын үеэр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газартай видео хурлыг зохион байгуулж аймгийн хэмжээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хийгдэж буй ажил, гамшгийн цаг үеийн байдлын талаарх мэдээллийг сонслоо.
Тус аймгийн Онцгой байдлын газраас үер усны аюулаас иргэдийг урьдчилан сэргийлэх зөвлөмжийг сумдад хүргүүлэн томоохон голуудын дагуу мэдээллийн самбарыг байрлуулжээ.
Мөн гол мөрний дагуу суурьшиж буй иргэдэд хүрч очин үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг явуулж байгаа аж.
Мөн аймгийн ЗДТГ, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран гол мөрөн дагуу нутаглаж буй 28 өрхийн иргэдийг аврах хантаазаар хангаснаа хурлын үеэр дуулгалаа. Гол мөрөн ихтэй, иргэд усанд осолдох эрсдэл бүхий тус аймгийн хувьд аврах багаж хэрэгсэл, завь дутагдалтай байгааг Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр хэлж байлаа. Мэдээллийг сонссон Шадар сайд Д.Тэрбишдагва, иргэдийг үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа ажлаа улам эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгоод аврах багаж хэрэгсэл, завиар хангахад анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдлээ.
Шадар сайд Д.Тэрбишдагва бороо усны улиралтай залгаад иргэд загасчлах, самар жимс түүх нэрийдлээр гол ус гаталж осолдох, ой, хээрийн түймэр гаргахаас урьдчилан сэргийлж ажиллахыг тус аймгийнханд санууллаа.
Мөн Баян-Өлгий аймагт гарсан шүлхий өвчний цагийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсч, шүлхий өвчний тархалтыг зогсоох, вакцинжуулалтыг эрчимжүүлэх, хорио цээрийн дэглэмийг чангатган ажиллах үүргийг өгөөд ойрын үед шүлхий өвчний цагийн байдлын талаар Улсын Онцгой комиссыг хуралдуулахаар боллоо.
Онцгой байдлын байгууллагын албан хаагчид 2013 оны эхний хагас жилийн байдлаар 1452 хүний амь нас, 181,4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан бол гамшигтай тэмцэх хор уршгийг арилгах ажилд зориулж 348,1 сая төгрөгийг зарцуулсан байна.
2013 оны эхний хагас жилийн байдлаар аюулт үзэгдэл, ослын 2587 тохиолдол бүртгэгдэж 115 хүн гэмтэж бэртэн, 79 хүн амь насаа алдаж, 232 мянга гаруй толгой мал хорогдож, 1146 гэр, орон сууц шатан, 10,4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Тус байгууллагаас гамшигтай тэмцэх талаар хэрэгжүүлж буй ажлын хүрээнд Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас гал унтраах зориулалтын 22 автомашиныг хүлээн авсанаар Улаанбаатар хотын Аврах гал унтраах ангиудын парк шинэчлэлт 100 хувь хийгдсэн байгаа юм.




















