Шадар сайд Ө.Энхтүвшин Монголын эдийн засгийн эрмэлзлэлийг ШХАБ-ын Ерөнхий сайд нарт илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг төлөөлөн Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд ОХУ-ын Сочи хотноо хуралдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын Тэргүүн нарын Зөвлөлийн 16 дугаар хуралдаанд амжилтт
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг төлөөлөн Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд ОХУ-ын Сочи хотноо хуралдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын Тэргүүн нарын Зөвлөлийн 16 дугаар хуралдаанд амжилттай оролцоод ирлээ. Шадар сайд Ө.Энхтүвшин ШХАБ-ын Ерөнхий сайд нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхдээ, гишүүн орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх манай улсын сонирхол, байр суурийг илэрхийлэв.
Тухайлбал, ШХАБ-ын гишүүн орнуудын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, төслийн олон талт хамтын ажиллагаа, ялангуяа, дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд манай улс ажиглагч орны хувьд идэвхтэй хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг онцоллоо. Энэхүү хуралдааныг ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев даргалсан бөгөөд Ө.Энхтүвшин түүнтэй ажил хэрэгч яриа өрнүүлжээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын Тэргүүн нарын Зөвлөлийн хуралдаанд оролцохоор Москва хотноо 2017 оны 11 дүгээр сарын 29-нд түр саатахдаа Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын даргын хувиар Эдийн засгийн хөгжлийн сайд М.С.Орешкин, Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской болон Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын Зөвлөлийн дарга Т.С.Саркисян нартай уулзан хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэхэд тулгарч буй тарифын ыхориг саадыг арилгах арга зам болох Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах манай талын саналд дэмжлэг хүсэх, тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр хамтран ажиллах, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний явц, бэлтгэлийн талаар санал солилцож, ЗГХК-ын хуралдааны тов, хуралдаан болох газрыг тохиров.
Түүнчлэн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын Тэргүүн нарын Зөвлөлийн хуралдаанд оролцох үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин Беларусь Улсын Ерөнхий сайд А.В.Кобяковтой уулзан хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар ярилцсан нь хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд чухал алхам боллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


















