“Шилдэг цахим хичээл” улсын уралдааны төгсгөлийн шат боллоо
Уламжлалт уралдааныг гурван үе шаттай явуулахаар төлөвлөсөн бөгөөд эцсийн шатны шалгаруулалт өнөөдөр Монгол-Солонгосын политехник коллежид боллоо.
Мэдээллийн алба

Хөдөлмөрийн яамнаас мэдээлэл, харилцаа, холбооны технологи хөгжиж буй эрин үед Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтын үйл ажиллагаанд цахим сургалтын орчныг бий болгон хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой гэж үзэж “Шилдэг цахим хичээл” улсын уралдааныг зохион байгуулж ирсэн. Уламжлалт уралдааныг гурван үе шаттай явуулахаар төлөвлөсөн бөгөөд эцсийн шатны шалгаруулалт өнөөдөр Монгол-Солонгосын политехник коллежид боллоо.
Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын багш нарын ур чадварыг мэдээллийн технологитой зэрэгцэн хөгжүүлэх, сургалтад шинэ дэвшилтэт технологи, арга зүйг нэвтрүүлэх, мультмедиа, цахим сургалтын орчинг сайжруулах, туршлагаа хуваалцахад үр дүнгээ өгөх “Шилдэг цахим хичээл-2016” улсын уралдааны эцсийн шатанд зүүн, баруун,хангайн болон говийн бүсээс тус бүр гурав, төвийн бүсээс дөрөв, Улаанбаатарын бүсээс найман бүтээл иржээ. Тэдгээрээс шилдэг гурван бүтээлийг шалгаруулан мөнгөн шагналаар урамшуулахаас гадна тусгай байр эзэлсэн хоёр бүтээлд ч мөн шагнал олгох юм.
Мөн уралдаанд шалгарсан бүтээлүүдийг Европын Холбооны “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих-2” төслийн тусламжтайгаар түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Хөдөлмөрийн яам


















