Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ нисэх онгоцны буудлын менежментыг концессын гэрээгээр хэрэгжүүлнэ

Монгол улсын агаарын тээврийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болох Төв аймгийн Сэргэлэн сум, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал ирэх жил бүрэн ашиглалтад орно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Шинэ нисэх онгоцны буудлын менежментыг концессын гэрээгээр хэрэгжүүлнэ
Шинэ нисэх онгоцны буудлын менежментыг концессын гэрээгээр хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол улсын агаарын тээврийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болох Төв аймгийн Сэргэлэн сум, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал ирэх жил бүрэн ашиглалтад орно. Жилдээ гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай, хоёр талаасаа буух, хөөрөх зурвастай, олон улсын стандартыг хангасан иж бүрэн цогцолбор нь нислэг, хөдөлгөөний удирдлагын байр, зорчигч үйлчилгээ, захиргааны барилга, гүүрэн байгууламж, 800 гаруй авто машины зогсоол, 42 мегаватын хүчин чадалтай дулааны станц, цахилгаан дамжуулах 110 Кв-ын өндөр хүчний шугамын дэд станц, гүний худгийн барилга, бохир ус цэвэрлэх ариутгах татуурга, ус цэвэршүүлэх байгууламж, агаарын хөлөгт үйлчлэх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний барилга, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, 200 авто машины болон газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн гараж, ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга, агаарын хөлгийг шатахуунаар цэнэглэх газар доорх гидрант систем, нийт 8000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах сав, үерийн уснаас хамгаалах далан суваг, инженерийн шугам сүлжээний газар доогуурх 1,8 км урт цутгамал хонгил зэрэг 30 гаруй барилга байгууламжийг барьж байгуулах юм. Дээрх бүтээн байгуулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлууд дуусаж Улсын комисст хүлээлгэн өгөөд байна.

Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй “Ачаа, шуудан, тээврийн үйлчилгээний барилга”, “Аэродромын үйлчилгээний барилга”-ын ажлын гүйцэтгэл 89.2 хувьтай явагдаж буй бөгөөд Захиргааны барилгын ажил дуусаж, улсын комиссс хүлээж авчээ. Харин Улаанбаатар хот болон Хөшигийн хөндийг хурдны авто замаар холбох ажил БНХАУ-ын Экзим банкны зээлийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын China Tiesiju Civil Engineering компани хийж гүйцэтгэж буй бөгөөд 93 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор одоогийн ашиглагдаж буй нисэх онгоцны буудлын үйлчилгээнд тулгарч байсан хүндрэлийг арилгаж, зурвас ашиглалтыг 73 хувиас 98 хувьд хүргэх, цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс шалтгаалсан саатлыг 2.3 хувиас 0.5 хувь болгож бууруулах боломжтой юм. Түүнчлэн иргэний нисэхийн олон улсын стандарт, шаардлагад нийцсэн нислэг хөдөлгөөний удирдлагын орчин үеийн тоног төхөөрөмж, навигацийн тоноглолоор хангагдах юм.

Харин Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад ороход менежментийг хэрхэн хэрэгжүүлэхээс цаашдын үйл ажиллагаа, урт хугацааны эдийн засгийн үр өгөөж хамаарах учиртай юм. Тэгвэл нисэх онгоцны шинэ буудлын менежментийг “Концессын гэрээ”-гээр хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой гэж үзэн Засгийн газрын 2015 онд “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “Хөрөнгө оруулах-Ашиглах-Шилжүүлэх” төрлөөр Концессын шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ хүрээнд “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэхэд Монгол Улс, Японы консорциумтай Түншлэлийн гэрээ,

Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, Концессын гэрээ байгуулан ажиллаж байна.

“Концессын тухай” хуулийн дагуу менежментийг хэрэгжүүлснээр концессын төлбөр, ногдол ашиг, аж ахуйн нэгжийн албан татварын орлого шууд Монгол Улсын төсөвт орж, нисэх буудлын барилга байгууламжид зарцуулсан иенийн зээлийг эргүүлэн төлөх боломжтой гэж тооцсон байна.

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийг хувийн хэвшил хариуцсанаар агаарын тээвэрлэгчдийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдүүлэх, нисэхийн бус орлого нэмэгдүүлэх, зардлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэн шинэ нисэх буудлын бизнесийн үнэ цэнийг өсгөх менежментийн загварыг бий болгох боломжтой. Одоогийн байдлаар Монгол, Японы талаас гэрээний төсөлд оруулах саналаа илэрхийлж төслийг эцэслэн боловсруулж дуусахаар ажиллаж байна.

Өнөөдөр өглөө Монгол улын ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад албан ёсны айлчлал хийхээр явсан. Уг айлчлалаар талууд концессын гэрээний талаар хамтарсан мэдэгдэл хийхээр төлөвлөжээ. Ирэх нэгдүгээр сард багтаан концессын гэрээг байгуулах зорилт тавин ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн яам

Хуваалцах