Шинэ сургуульд шилдэг удирдлагын баг урьж, ажиллуулна
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр баригдаж буй 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор 2018 оны наймдугаар сард ашиглалтад орно.
Мэдээллийн алба

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр баригдаж буй 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор 2018 оны наймдугаар сард ашиглалтад орно.
Шинэ 640 хүүхдийн сургууль ашиглалтад орсноор 26 анги кабинетад хичээл сургалтын үйл ажиллагаа явагдаж, биеийн тамирын болоод урлагийн заал, эмчийн өрөө, сэтгэлзүйчийн өрөө, уншлагын танхим, нэгдүгээр ангийн сурагчдын тоглоомын өрөөтэй өдөр өнжүүлэх зэрэг бүтэцтэйгээр ажиллана.

Иймээс шинэ сургууль нь боловсролын стандартад нийцсэн, шинэчлэл бүхий загвар сургууль болох материаллаг бааз бүрдэж байгаа бөгөөд удирдлагын шинэ багийг урьж ажиллуулах шаардлагатай байгаа юм.
Сумын Засаг дарга тэргүүтэй ажлын хэсэг Улаанбаатар хотын шилдэг, тэргүүний сургуулиудын удирдлага, багш нартай уулзалт зохион байгуулж, туршлага солилцоод ирлээ. Сурлагын чанар, элсэлтийн ерөнхий шалгалтын үзүүлэлтээр эхний байруудад ордог Улсын тэргүүний нэгдүгээр сургууль, 84-р сургууль, Шинэ эрин, 93-р сургуулиудын хамт олонд шинэ сургуулиа танилцуулж, удирдлагын багт саналаа өгч, хамтран ажиллахыг урилаа.

Уг шинэ сургуулийн 2018 оны хичээлийн шинэ жилээр ажиллах удирдлагаас бусад боловсон хүчин, хувьсах зардал, дотоод тохижилтыг бүрэн шийдвэрлэж байгаа бөгөөд ойрын 3-5 жилд хамтран ажиллах удирдлагын багт санал өгөхийг урьж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Эх сурвалж: Ханбогд сумын ЗДТГ


















