Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд АНУ-тай хамтарч ажиллана

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өчигдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд АНУ-тай хамтарч ажиллана
Шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд АНУ-тай хамтарч ажиллана. Зураг: МҮОНРТ

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өчигдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт энэ өдрүүдэд Монгол Улсын Засгийн газрын 100 хоног тохиож байгааг дуулгаад, Засгийн газрын үйл ажиллагааны Мөрийн хөтөлбөрт Монгол Ардын Намаас дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөр бүрэн дүүрэн суусныг онцлов. Мөн ХЗДХЯ үндсэн чиг үүргийн яамны хувьд өргөн хүрээний асуудал эрхэлдэг болохыг танилцуулаад хууль хэрэгждэг байх, иргэдэд тэгш үйлчилдэг байх зарчим баримталж байгаагаа илэрхийлсэн юм. Ялангуяа эдийн засаг, бизнес, өмчийн харилцааны эрх зүйн орчныг илүү сайжруулах тал дээр түлхүү анхаарна гэдгээ тодотгов.

Мөн сүүлийн жилүүдэд эдийн засаг, ниймийн байдлаас шалтгаалан гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах асуудал тулгарч буйг дуулгав. Тухайлбал хар тамхи, мансууруулах бодис, цахим гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа тул шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр АНУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Монгол Улс АНУ-ын хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглээд байнга хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж байдагт талархал илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын хооронд байгуулсан Засаглалын ил тод байдлыг хэрэгжүүлэх төслийг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Мөн УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцэгдэж буй Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад АНУ-ын Хөгжлийн агентлаг ихээхэн дэмжлэг үзүүлсэн болохыг онцлоод олон улсын жишигт нийцсэн, бизнес эрхлэгчдийг дэмжсэн хууль болно гэдэгт найдаж байна гэлээ. Тэрээр цааш нь хэлсэн үгэндээ энэ оны 7-р сард эрх зүйн салбарыг дэмжих хоёр улсын хэлэлцээрт гарын үсэг зурсан болохыг тэмдэглээд энэ төслийг хэрэгжүүлэхэд АНУ-ын талаас техникийн туслалцаа үзүүлэхийг хүсэв.

Түүнчлэн Монгол Улсад хоёр дахь удаагаа хэрэгжих гэж буй Мянганы Сорилтын Сангийн төслийг хэрэгжүүлэхдээ хууль зүйн салбарт дэмжлэг үзүүлэх нь чухал байгааг хатагтай Женифер Зимдал Галтд уламжиллаа. АНУ- аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт цаг зав гарган тэргүүлэх зорилтуудаа танилцуулсан явдалд Монгол Улсын ХЗДХ-ийн сайдад талархал илэрхийлээд эдийн засгаа сэргээх Засгийн газрын зорилтыг дэмжиж байгаагаа онцлов. Мөн АНУ болон бусад улс орнуудын хөрөнгө оруулагчдаас тавьж байгаа асуудлыг шуурхай хүлээн авч шийдвэрлэх, хөрөнгө оруулагчдыг дэмжих чиглэлд анхаарч хурдтай ажиллаж байгаад баяртай байна гэв. Хатагтай Зимдал Галт Монгол Улс АНУ-ын хооронд байгуулсан Ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь хөрөнгө оруулагчдад ихээхэн итгэл төрүүлсэн хэрэг болохыг дурдаад оюуны өмчийн эрхийн асуудлаар хамтран ажиллаж байгаа нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад түлхэц үзүүлнэ гэлээ. Мөн хууль эрх зүйн орчныг улам сайжруулах, иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, гэрч хохирогчийг хамгаалах, хар тамхи, мансууруулах бодис, цахим орчинтой холбоотой шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг бүрэн дүүрэн дэмжиж ажиллахаа мэдэгдэв.

Хуваалцах