Шинээр баригдах цогцолбор иргэдэд үйлчилгээг ойртуулна
Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 1, 2 дугаар байрны дундах талбайд Хорооны цогцолбор барилга барих болсноос үүдэн оршин суугчдын зарим нь маргаан үүсгээд байгаа билээ. Шинээр баригдах Хорооны цогцолбор нь чийрэгжүүлэх болон сагсны талбай байсан уг газарт 12x14 метрийн хэмжээтэй, зоорьтойгоо нийлээ
Мэдээллийн алба

Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 1, 2 дугаар байрны дундах талбайд Хорооны цогцолбор барилга барих болсноос үүдэн оршин суугчдын зарим нь маргаан үүсгээд байгаа билээ. Шинээр баригдах Хорооны цогцолбор нь чийрэгжүүлэх болон сагсны талбай байсан уг газарт 12x14 метрийн хэмжээтэй, зоорьтойгоо нийлээд гурван давхар цогцолбор барих бөгөөд уг барилгад хорооны Засаг даргын ажлын алба болон Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг гээд төрийн үйлчилгээний 10 гаруй байгууллага нэг дор төвлөрч, үйлчилгээ үзүүлэх аж.

Барилгын ажлын зөвшөөрөл болон газрыг нийслэлээс 2010 онд өгсөн ч иргэдийн дэмжлэг, зөвшөөрлийг авах гэсээр өнөөдрийг хүрсэн байна. Ингээд өнгөрөгч сарын 23-нд барилгын шаваа тавьсан бөгөөд одоо газар шорооны ажил хийгдэж байна. 13 дугаар хорооны Засаг дарга А.Эрдэнэ “Энэ барилгыг эсэргүүцэж байгаа ганц нэг л хүн байна. Дийлэнх нь зөвшөөрсөн болохоор барилгын ажлыг эхлүүлсэн. Хороо, өрхийн эмнэлэг нэг дор зориулалтын байранд байх нь иргэдэд л хэрэгтэй. Барилга баригдсаны дараа бялдаржуулалтын талбай, хүүхдийн тоглоомын талбай зэргийг дахиж тохижуулна” гэсэн юм. Мөн хорооны ЭМТ-ийн дарга н.Түмэндэлгэр хэлэхдээ “Манай эрүүл мэндийн төв орон сууцны нэг давхарт гурван өрөө байранд үйл ажиллагаа явуулдаг. Зориулалтын байр биш болохоор төвөгтэй байдаг...“ гэдгийг ч хэлж байв.
Байрны оршин суугч, ахмадуудын байр суурийг сонирхоход, хорооны барилга баригдах юм бол эмнэлэг, сувилал ойрхон, цагдаагийн байгууллага ч дэргэд ирэх нь байна. Тэгэхээр хулгай хүртэл багасна гэж ам сайтай байлаа. Тус хороо нь 5000 гаруй оршин суугчтай бөгөөд хороо болон өрхийн эмнэлэг нь орон сууцны нэгдүгээр давхарт гурван өрөө байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Баянгол дүүргийн хэмжээнд 23 хороо байдгаас гурван хороо нь өөрийн гэсэн байргүй юм байна.



















