Шинээр өргөн барьсан сайд нар
Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа.
Мэдээллийн алба

Өнгөрөгч наймдугаар сарын 6-ны өдөр МАН-ын зургаан сайд Засгийн газраас огцорсноос хойш нэг сар өнгөрч байна. Бүтэн сарын хугацаанд тал бүрэлдэхүүнтэй ажилласан Засгийн газрын шинэ гишүүдийг дөнгөж сая өргөн барилаа.
Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу
1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Оюунбаатарыг,
2. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Намдагийн Батцэрэгийг,
3.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Баярбаатарын Болорыг,
4.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгийг,
5. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг,
6.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг тус тус томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүллээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өмнө нь УИХ дахь намын бүлгүүдтэй тохиролцож чадахгүй байгаа учраас ирэх 10 дугаар сард буюу намрын чуулган эхлэхээр сайд нараа өргөн барина хэмээн мэдэгдэж байсан. Харин УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газрын тухай хуульд заасан “Өмнөх сайд нар огцорсон тохиолдолд 30 хоногийн дотор дараагийн сайд нарыг нөхөн томилно” гэсэн заалтыг мөрдөж ажиллахыг Ерөнхий сайдад сануулсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тухай хуулийн дагуу энэ сарын 6-ны дотор сайд нарын нэрийг өргөн барих ёстой байсан юм. Харин 6-нд амралтын өдөр таарч байгаа тул ийнхүү сайд нарын нэрийг өнөөдөр өргөн барилаа.


















