Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүлхийн бүст тогтоосон хорио цээрийн дэглэмийг бууруулна

Орхон аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий, ХХААГ-ын Мал аж ахуйн албаны дарга С.Даариймаа, Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга Г.Батдэлгэр нар өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Шүлхийн бүст тогтоосон хорио цээрийн дэглэмийг бууруулна
Шүлхийн бүст тогтоосон хорио цээрийн дэглэмийг бууруулна. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий, ХХААГ-ын Мал аж ахуйн албаны дарга С.Даариймаа, Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга Г.Батдэлгэр нар өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус аймагт мал аж ахуйн өвөлжилтийн хувьд өнгөрсөн жил бороо хур багатай байснаас газрын гарц тааруу, өвөлдөө цас их унасны улмаас өвөлжилт хүндэрсэн байна. 3 дугаар сарын байдлаар цасны зузаан 16-27 см, нягт нь 0.18-0.22 гр/см/кв, хөрийн зузаан нь 4-5 см, хунгарласан газартаа 48 см зузаантай байгаа нь мал бэлчээрт гарах боломжгүй болж цагаан зудын нөхцөл байдал үүссэн гэсэн үг. 3 дугаар сарын 2-ны байдлаар 2032 толгой мал хорогдсоноос адуу 63, үхэр 815, хонь 583, ямаа 571 толгой мал хорогджээ. Нийт хорогдсон малын 43.2 хувийг бод, 56.7 хувь нь бог мал бөгөөд тэр дундаа нийт хорогдсон малын 40.1 хувь нь үхэр байна.

Малчид 11 сарын эхээр малаа нэмэгдэл тэжээлд оруулан тэжээсэн тул бэлтгэсэн өвс, тэжээлээ зарцуулан дуусч өвс тэжээлийн дутагдал үүссэн тул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр нөөцөлсөн өвсийг 100 хувь олгожээ.

Манай аймагт 3 дугаар сарын 25-аас эхлэн мал төллөж эхлэх бөгөөд урьдчилсан тооцоогоор 56.7 мянган толгой мал төллөхөөс гүү 4.3 мянга, үнээ 9.5 мянга, эм хонь 22.7 мянга, эм ямаа 20.1 мянга төллөх юм.

Хүнсний салбарын бодлогын хэрэгжилтийн хүрээнд өргөн хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүнээ аймагтаа 100 хувь хангадаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Манай аймгийн хэмжээнд 70 гаруй хүнсний үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, аймгийн нийт хүн амын физиологийн жилийн хэрэгцээт мах махан бүтээгдэхүүний 41.6 хувийг, сүү, сүүн бүтээгдэхүүний 56.3 хувийг, гурил, гурилан бүтээгдэхүүнийг 100 хувь, төмсний 91.6 хувь, хүнсний ногооны 67.3 хувь, өндөгний 4.2 хувийг тус тус орон нутгийн дотоодын үйлдвэрлэлээр хангажээ.

Түүнчлэн сар шинийн үеэр Жаргалант суманд малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэн бөгөөд түүнээс хойш хорио цээрийн дэглэм тогтоож халдвартай малыг устгаж, бусдыг нь вакцинжуулсан. Хорио цээрийн дэглэмийг чанд сахин ажилласны үр дүнд дахин мал нэмж өвчлөөгүй тул 3 дугаар сарын дунд үеэс эхлэн хорио цээрийн дэглэмийн зэрэглэлийг бууруулах боломжтой болох аж.

Хуваалцах