Шуудай мод 3500, нүүрс 2500-3500 төгрөгийн үнэтэй байна
Монголчууд хот, хөдөөгүй өвлийн бэлтгэлээ базааж эхлээд байна. Нийслэлчүүдийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил ид дундаа өрнөж байна гэж хэлж болохоор байна.
Мэдээллийн алба

Монголчууд хот, хөдөөгүй өвлийн бэлтгэлээ базааж эхлээд байна. Нийслэлчүүдийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил ид дундаа өрнөж байна гэж хэлж болохоор байна.
Бид түлээ, нүүрсний үнэ ханшийг сурвалжлахаар “Цайз”, “Хангай” зах, жижиглэн худалдааны газруудаар орлоо. “Цайз” захад өндөрлөгөөтэй портер машинтай Алагтолгой, Налайхын нүүрсийг 220 мянган төгрөгөөр худалдаалж байна. Энд жижиглэнгээр буюу 25-ын шуудайтай Налайхын нүүрсийг 3500, 40 кг-аар савласан Багануурын нүүрсийг 3500 төгрөгөөр борлуулж байв. Налайх, Багануурын нүүрс үнийн хувьд ижил боловч шуудайны хэмжээ зөрүүтэй байсан юм.
Бидний уулзсан дараагийн хүн түлээ, нүүрсний жижиглэн худалдаа эрхлэгч байв. “Цайз” зах дээр хоёр жил нүүрс зарж байгаа Г.Сайнбуян “Нүүрсний үнэ шаталт сайтай, асалт удаан, тортогтой, тортоггүйгээс шалтгаалдаг. Зарим худалдан авагч санхүүгийн боломждоо тааруулан мод, нүүрсээ авдаг. Өнгөрсөн жил том шуудайтай нүүрсийг 3500, жижиг шуудай модыг 2000, том шуудайтай модыг 4000 төгрөгөөр худалдаалж байсан. Энэ жил ч мөн адил энэ үнээр зарж байна” гэлээ.

“Хангай” захын орчимд биднийг очиход портер машинаар борлуулалт хийх нь элбэг ажиглагдлаа. Энэ захад Налайх, Алагтолгойн нүүрсний дундаж үнэ 220 мянган төгрөг бол Багануурын портер нүүрс 150 мянган төгрөгийн үнэтэй аж.
Нарс модыг 2500-3000 төгрөг, хар модыг 3500 төгрөгийн үнээр борлуулж байна. Тус захын зам дагуу түлээ, нүүрс борлуулдаг С.Гантөмөрөөс зарим зүйлийг тодруулсан юм.
Тэрбээр “Налайхын нүүрс худалдан авдаг хүн олон байдаг. Гэвч энэ жил Налайхын нүүрс ховор байна. Тиймээс би Багануурын нүүрсийг худалдаалж байна. Өдөрт дунджаар 8-9 шуудай нүүрс, тав орчим шуудай мод зардаг. Багануурын нүүрс 40 кг нь 3000, жижиг шуудай хар модыг 3500 төгрөгөөр зарж байна. Худалдан авалт энэ жил тааруухан байна. Энэ нь цаг агаар хэт хүйтрээгүйтэй холбоотой байх. Сүүлийн жилүүдэд нүүрс, мод зардаг хүмүүс олширч байгаа” гэж ярилаа.

Биднийг ярилцаж зогстол мод авахаар хүн ирсэн нь Баянзүрх дүүргийн иргэн М.Энхцэцэг байлаа. Тэрбээр “Хүйтний эрч чангарахаас өмнө түлээ, нүүрсээ бэлддэг. Манайх жил бүр Налайхын нүүрс авдаг. Асалт сайтай, удаан шатдаг юм шиг санагддаг. Гэвч Налайхын нүүрс энэ жилийн хувьд ховор байгаа юм байна.Налайхын бичил уурхайн амыг хаасан гэсэн. Стандартад нийцэж буй уурхайн ам л нээлттэй байгаа гэнэ билээ” гэж хуучлав. Тэднийх Налайхын нүүрс олдоц муутай байгаа болохоор Багануурын нүүрс авсан гэсэн юм. Урд жилүүдийнхтэй харьцуулбал өнөө жил түлээ, нүүрсний үнэ бага зэрэг буурсан байна гэж тэрбээр ярилаа.


















