“Шүүх ба олон нийт” хөтөлбөр батлагдлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа “Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 114 тоот тогтоолоор батлагдсан “Шүүх ба олон нийт” хөтөлбөр нь шүүхийн үйлчилгээг ил тод нэ
Мэдээллийн алба

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа “Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 114 тоот тогтоолоор батлагдсан “Шүүх ба олон нийт” хөтөлбөр нь шүүхийн үйлчилгээг ил тод нээлттэй болгох, олон нийтийн хяналтыг тогтоох нөхцлийг бүрдүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ажлыг цогц нэгдсэн бодлоготой төлөвлөхөд чиглэгдсэн бөгөөд 2014-2016 оны хооронд хэрэгжих юм.
Хөтөлбөрийн хүрээнд шүүхийн ил тод байдлыг хангах хүрээнд шүүх хуралдааны нээлттэй байдлын хүрээг нэмэгдүүлэх, шүүх шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах механизм тогтоох зорилт тавьжээ. Мөн шүүхэд олон нийтийн хяналтыг бий болгохын тулд шүүгчийн сонгон шалгаруулалтад олон нийтийн хяналтыг бий болгох, иргэдийн төлөөлөгчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, шийдвэрийг судалгааны эргэлтэнд оруулах ажлыг зохион байгуулахаар тусгасан байна.
Тэгвэл шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхийн тулд шүүгч ажилтны харилцааны шинэ хандлагыг төлөвшүүлэх, шүүхийн үйлчилгээний чанарын стандарт тогтоох, олон нийтийн санаа бодлыг тогтмол судалж, үйл ажиллагааны чиглэлийг тогтоож хэвших, шүүхийн үйлчилгээний эерэг үр дүнг бататгах олон нийтэд хүртээмжтэй арга хэлбэрээр сурталчлах, иргэдийн шүүхэд хандах эрхийг хангахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх зорилт тавьсан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр шүүхийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй болно. Мөн шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоо бүрдэх бөгөөд шүүхэд итгэх олон нийтийн итгэл дээшлэх юм байна.


















