Шуурхай мэдээ: Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авлаа
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.09.15/ хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.09.15/ хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцлээ.
Тус хуралдаанд 59 гишүүн оролцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тавьсан хоригийг 81.4 хувийн саналаар, тус хуулийн 7 дугаар зүйлд тавьсан хоригийг 83.1 хувийн саналаар тус тус хүлээж авахаар дэмжсэн байна.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хоригийг хүлээж авах тухай УИХ-ын тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.1 хувийн саналаар батлав. Ийнхүү Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэг, мөн хууль бусаар хөрөнгөжсөн хэрэг, залилан зэргийг хамруулахгүй болж байна.
Одоо Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж байна. Байнгын хорооны хуралдааны дараа УИХ ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилнэ.


















