Швейцарийн хөгжлийн агентлагийн захиралтай уулзав
Уг айлчлалын хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан Мартин Дахиндинийг өнгөрсөн лхагва хүлээн авч уулзжээ.
Мэдээллийн алба

Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирал ноён Мартин Дахиндин тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй.
Уг айлчлалын хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан Мартин Дахиндинийг өнгөрсөн лхагва хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр ҮХАА-н дэд сайд Ц.Туваан 2009, 2010 онуудад тохиосон зудын гамшигт нэрвэгдсэн аймаг, сумд, малчин өрхүүдэд хүнсний тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ирсэнд ноён Мартин Дахиндинд гүн талархал илэрхийлсэн байна. Мөн цаашид хөдөө аж ахуйн гаралтай “Органик Монгол брэнд”-ийг дэлхийн зах зээлд таниулж гаргахад,“Монгол төмс хөтөлбөр”-ийн хүрээнд хүрсэн ололт амжилтыг бусад хүнсний ногооны үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд Швейцарийн хөгжлийн агентлагийн техник туслалцааг аван хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.


















