Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонгинохайрханчууд жишиг дүүрэг болохоор ажиллаж байна

Энэ жил нийслэлийн 375 жилийн ой тохиож байгаа. Ойг угтан Сонгинохайрхан дүүргийн Тамгын газраас “Хотын соёл” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Сонгинохайрханчууд жишиг дүүрэг болохоор ажиллаж байна
Сонгинохайрханчууд жишиг дүүрэг болохоор ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Энэ жил нийслэлийн 375 жилийн ой тохиож байгаа. Ойг угтан Сонгинохайрхан дүүргийн Тамгын газраас “Хотын соёл” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Ингээд “Хотын соёл” төслийн тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн иргэдэд “Хотын соёл”-ыг түгээнэ гэхээр гайхаж эгдүүцэх хүн байж болох юм. Яагаад энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэв?

- Улаанбаатар хотын хүн ам нэг саяыг хэдийнэ давж барилга байгууламж олноор баригдан, хэлбэр агуулгын хувьд их хотын шинж төрхийг өдрөөс өдөрт олсоор байгаа. Гэвч оршин суугчдын хувьд их хотын иргэдийн түвшинд сэтгэж, төлөвшиж, амьдарч хэвшээгүй гэж хэлж болохоор байна. Ялангуяа хүүхэд залуусыг их хотын соёлт иргэн болгон хэвшүүлэх, иргэншлийн шинэ түвшинд төлөвшүүлэх нь бидний зайлшгүй хийх ёстой ажлын нэг. Нөгөө талаасаа манай дүүрэг нийслэлийн хүн амын 20 гаран хувь буюу 280 шахам мянган хүн амтай, орон нутгаас шилжин суурьшигчид ихтэй том дүүрэг. Тиймээс бид “Хотын соёл” төслийг боловсруулан дүүргийнхээ иргэд, хүүхэд залуусыг орчин үеийн их хотын соёлтой иргэн болох эрмэлзэл, хандлагыг төрүүлэн төлөвшүүлэх, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг Их хотын соёлын түвшинд хүрсэн харилцаа, үйлчилгээтэй болгож хэвшүүлэхийг зорин ажиллаж байна.

- Ер нь “Хотын соёл” гэж яг юуг хэлэх вэ. Энэ зүйл хаанаас, юунаас, хэнээс эхэлдэг юм бол ?

- Википедиа чөлөөт нэвтэрхий тольд тодорхойлсноор хүн олноор хуран цугларч, барилга байшин цогцлоон, дэд бүтэц, ус дамжуулах тогтолцоо, газар ашиглалт, барилга байгууламж, тээвэр хөгжсөн суурьшсан томоохон хэмжээний суурин газрыг Хот, тэр дундаа олон хүн амтай, орчин тойрны хотоос гаднах нутгийг хамтатгасан, засаг захиргааны зангидагдсан бүтэцтэй болсон хотыг Их хот гэнэ гэсэн байдаг. Ухамсарт хүний ухамсартай, зөв үйлдэл, дадал зуршлыг соёл хэмээн ойлгож болно. Харин Хотын соёлын хувьд товчхоноор хотод амьдрах зөв хэвшил юм. Хот хөдөөгөөрөө дуудалцан талцаж маргаад амьдралд нэмэргүй. Хотынх мөртлөө ямар ч соёлгүй нэгэн байхад хөдөөнийх мөртлөө соёлтой нэгэн байж л байдаг. Тэгэхээр бидний ярьж хэлээд, хайгаад байдаг хотын соёл гэдгийг хувь хүний соёл гэж ойлгож болох юм. Соёлтой ухамсартай хүмүүсийн үйлдлээс “Хотын соёл” бүрэлдэн бий болно. Хот газар нэг нэгэндээ саад болохгүй ажил амьдралаа бүтээгээд явах нэг чухал, ганцаар хичээгээд бүтээж чадахгүй зүйл дээр нэгдээд бүтээх сэтгэлтэй байх нь мөн л чухал. Үүнийг ч бас хот газрын соёл гэж хэлж болно шүү дээ.

-Төслийн хүрээнд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тухайгаа тодруулбал?

-Олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Тухайлбал дүүргийнхээ ЕБС-иудын сурагчид, Их сургуулийн оюутан залуусыг хамарсан илтгэл, хэлэлцүүлэг урлаг соёлын алдартнуудтай хамтран зохион байгуулаж байна. Мөн нутгийн захиргааны байгууллагууд, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад “Хотын соёл-Биднээс эхэлнэ” санаачилгын туг аялуулах үйл ажиллагааг зохион байгуулах юм. Энэхүү аянаар туг хүлээн авсан байгууллага өөрийн нөхцөл, онцлогийн хүрээнд “Хотын соёл”-д бодит хувь нэмэр оруулах учиртай. Ер нь “Хотын соёл” төсөл үр дүнтэй хэрэгжихэд дүүргийн бүх иргэдийн оролцоо чухал. Тиймээс “Соёлтой хүн болох багаас” нэртэй хог хаях дадал суулгах хичээлийг цэцэрлэгийн хүүхдүүдэд заана. Харин тарьсан зүлэг ногоог арчлан тордох зэрэг ажилд ахмадуудын маань оролцоо түлхүү байх жишээтэй.

- Дэлхийн хотуудын жишиг дүүргүүд нь нутаг дэвсгэрийн хэмжээ болоод оршин суугчдынхаа тоогоор бусдаасаа илүү байдаг талтай. Сонгинохайрхан нутаг дэвсгэрийн хэмжээ, оршин суугчдынхаа тоогоор хамгийн томд тооцогддогийнхоо хувьд хэдийд Улаанбаатар хотын жишиг дүүрэг болох вэ?

Манай дүүргийн хувьд хөдөө орон нутгаас шилжин суурьшигчид ихтэй дүүрэг. Үүнээс үүдэн Сонгинохайрханд хог, утаа, ядуурал их байна гэж ойлгох хүмүүс байдаг. Энэ нь үнэний ортой. Гэхдээ цэвэрхэн орчин, соёлтой харилцаа үйлчилгээ, хотын соёлд тэмүүлсэн эрмэлзэл эндээс гарч байна. Сонгинохайрханы хүүхэд Парк дээр очихдоо хог хаядаггүй, жолооч нь хотын хаана ч явсан дүрэм зөрчдөггүй байг л дээ. Энэ чинь л бидний Их хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх зорилгын үзүүр нь юм л даа. Үүнээс гадна Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөгөөр Сонгинохайрхан нийслэлийн шинэ төв болох гэж байна. Хотын төв болох ирээдүй манайд байна. Жишиг дүүрэг болох ирээдүй нь байхад жишиг дүүргийн иргэдийг бэлдэх нь мөн чухал ажил. “Ардын элч” кинон дээр 10, 20 жилийн дараа энэ улсыг харвал... гэдэг шиг хэдэн жилийн дараа Сонгинохайрхан мөн ч өөр дүр төрхтэй сайхан дүүрэг болсон байна даа. Үүний төлөө ч ажиллана.

“Хотын соёл” хогноос салгаж байна

Хэрэгжиж эхлээд арваад хонож буй “Хотын соёл” төслийн хэрэгжилт тун амжилттай явагдаж байгааг дүүргийн иргэд болоод оролцогч байгууллагууд нь хэлж байна. Төслийн хүрээнд өчигдөр СХД-ийн 12,13,14,15, 16 дугаар хороодын нутаг дэвсгэр 1-р хорооллын арын гараашны дундах хур хогийг цэвэрлэв. Олон жил хуримтлагдсан хур хогийг цэвэрлэх ажлыг Сонгинохайрхан "Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын газрын хамт олон санаачлан нийт 60 гаруй ажилчдынхаа хүчээр идэвх зүтгэлтэй хийж гүйцэтгэж байна. "Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ" ОНӨААТҮГ нь төслийн хүрээнд аялж байгаа “Хотын соёл-Биднээс эхэлнэ” санаачилгын тугийг хүлээж авсан эхний байгууллага юм.

“Хотын соёл” төсөл нийслэлийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29 хүртэл үргэлжилнэ.

А.Чимгээ

Secret.mn

Хуваалцах