Сонсогчдын илгээсэн тусламжийг ХӨСҮТ-д хүлээлгэн өглөө
Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний улмаас цөөнгүй бяцхан үрс амь насаа алдаж, олон хүүхэд энэ өвчнөөр халдварлаад байгаа тухай мэдээ нийгмийг цочроож байна.
Мэдээллийн алба

Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний улмаас цөөнгүй бяцхан үрс амь насаа алдаж, олон хүүхэд энэ өвчнөөр халдварлаад байгаа тухай мэдээ нийгмийг цочроож байна. Олон эцэг, эхийн сэтгэлийг шаналгаж буй улаанбурхан өвчний эсрэг ОХУ-д сурч байгаа сонсогч нар болон бусад оюутнууд хүмүүнлэгийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэн хандив цуглуулсан талаар бид мэдээлсэн.
Зэвсэгт хүчин, ХХЕГ-аас Санкт-Петербург хотын цэргийн академид суралцаж буй сонсогч нар хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “80&80 холбоо”, Швед, Япон улсад суралцаж байгаа оюутан залуус хамтран эх орныхоо ирээдүй болсон бяцхан иргэдийн өвчнийг анагаахаар хандивын аяныг өрнүүлснээр 320 мянган рубль цуглуулж, зайлшгүй шаардлагатай зарим төрлийн аппарат хэрэгсэл буюу хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 4, тарианы памп 2, пульсоксиметр 6, ЭДВ катетер тоног төхөөрөмж 20 ширхэгийг худалдан авч илгээсэн. Сайн үйлст залуусынхаа илгээмжийг БХЯ, ЗХЖШ-ын холбогдох албан тушаалтнууд хүлээн авч ХӨСҮТ-ийн Эмнэлэгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсагт хүлээлгэн өглөө.
М.Тунсаг "Эх орондоо тангараг өргөсөн эр цэргүүд маань эх орныхоо ирээдүй болсон бяцхан үрсийн төлөө сэтгэл гаргаж, шаардлагатай аппарат хэрэгсэл илгээсэнд баяртай байна. Одоогоор манай эмнэлэгт 200 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 20 гаруй нь сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна. Эдгээр аппаратыг яг энэ цаг мөчөөс эхлэн эмчилгээнд хэрэглэнэ” гэж тодотгоод сэтгэл гаргасан бүх сонсогч нараар бахархаж буйгаа илэрхийлсэн юм. Сайн үйлс дэлгэрэх болтугай.


















