“Соёл, урлагаар дамжуулан хүүхэд залуусыг хөгжүүлэн нийгэмшүүлэхүй” хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Соёлын яамнаас салбарын хэмжээнд хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлж, гарц шийдлийг хэлэлцэх зорилгоор салбар гурван хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган”-ыг угтаж Соёлын яамнаас салбарын хэмжээнд хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлж, гарц шийдлийг хэлэлцэх зорилгоор салбар гурван хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Соёл, урлагаар дамжуулан хүүхэд залуусыг хөгжүүлэн нийгэмшүүлэхүй” сэдэвт хэлэлцүүлгийг хүүхдийн хөгжлийн чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, урлагийн боловсрол олгодог мэргэжлийн урлагийн байгууллагууд, соёл, урлагийн хөтөлбөр хэрэгжүүлдэг ерөнхий боловсролын сургуулиуд, сурагчдын төлөөлөл 30 гаруй оролцогчид оролцож соёл, урлагаар хүүхэд, өсвөр үе, залуусыг хөгжүүлэн төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон улсын шилдэг арга зүйг монгол улсад хэрэгжүүлсэн сайн туршлага, үндэсний соёл, өв уламжлалын чиглэлээр боловсрол олгож буй практик туршлагуудыг түгээн дэлгэрүүлж, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад төр, иргэний нийгмийн хамтын санаачилга, оролцоо чухал болохыг хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэйгээр илэрхийллээ.
Хэлэлцүүлгийг Монголын театрын музейн агуйн танхим болон үзмэрийн орчинд зохион байгуулж, Алтай хамтлагийн продюсер, хөгжим судлаач Д.Ганпүрэв ятгын аялгуугаар эхлүүлж, Соёлын яамны Урлаг уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн нээж, соёлын салбар хүүхдийн эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцууллаа.
Хэлэлцүүлэгт Соёл, урлагийн их сургуулийн Хөгжмийн сургуулийн захирал, дэд профессор Г.Ганцэцэг “Соёл, урлаг хүний хөгжилд” үндсэн илтгэл толилуулж, зочин илтгэгчээр Монголын сургуулиас гадуурх сургалтын Санрайс холбооны тэргүүн Б.Лхамсүрэн “Театрын сурган хүмүүжүүлэх арга зүйгээр хүүхэд залуучуудыг хөгжүүлэн төлөвшүүлэх нь” Холбооны Бүгд найрамдах Герман улсын арга зүйг Монгол Улсад 20 гаруй жил хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдээ танилцууллаа.
Оролцогчдын дэвшүүлсэн санал тус бүрийг сонсож, хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн соёлын орчныг сайжруулах чиглэлээр, соёл урлагийн боловсрол олгох хүртээмжийг нэмэгдүүлэхэд соёлын салбарын оролцооны хамрах хүрээг тэлж, хэрхэн хамтран ажиллаж, үр дүнд хүрэх талаар санал боловсруулан Үндэсний чуулганд хэлэлцүүлэхээр санал нэгдлээ гэж Соёлын яамнаас мэдээллээ.


















