“Соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалал” уулзалт, арга хэмжээ боллоо
Соёл, урлагийн газар, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран “Соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалал” уулзалт, арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 18- нд Соёл урлагийн газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Соёл, урлагийн газар, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран “Соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалал” уулзалт, арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 18- нд Соёл урлагийн газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд соёлын өвийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэн хуулийн этгээдийн төлөөлөл 50 орчим хүн оролцсон бөгөөд арга хэмжээг нээж Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат үг хэлсэн бөгөөд Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг хурлыг удирдсан юм.
“Соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалал” уулзалт, арга хэмжээнд Даатгалын эрх зүйч Ш.Батчимэг “Соёлын өв дүрслэх урлагийн бүтээлийг олон улсын үзэсгэлэнд зээлдүүлэх гэрээний асуудал” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд уулзалт, арга хэмжээнд оролцогчид олон улсын гэрээ байгуулахад анхаарах асуудал, соёлын өвийн үнэлгээг хэрхэн хийх, соёлын өвийн даатгалын асуудлаар холбогдох асуултуудыг тавьж харилцан санал солилцсон юм.
Мөн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Д.Мягмардорж “Соёлын өвийг бүтээгдэхүүн болгох түүний зохиогчийн эрхийн асуудал” сэдвийн хүрээнд зохиогчийн эрх түүнд хамаарах хуулийн талаар нарийвчилсан ойлголтыг өглөө.
Отгонтэнгэр их сургуулийн багш, хуульч Д.Эрдэнэчимэг “Соёлын өв, түүний өмчлөх эрхийн тухай” сэдвийн хүрээнд илтгэл тавьж Соёлын өв түүний ангилал, Эх сурвалж, Соёлын биет бус өвийн өмчлөх эрх, Музейн оюуны өмчийн эрх, Оюуны өмчийг гэрээний үндсэн дээр ашиглах зэрэг тулгамдсан чухал сэдвүүдээр ярилцаж оролцогчдын тавьсан асуултанд хариулав.
Уулзалт ярилцлагаас:
-Соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалалтай холбоотой олон нийтийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх
-Соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалалтай холбоотой хууль эрх зүйн уялдаа холбоог сайжруулах
-Зохиогчийн эрхийн бодлогын баримт бичгийг боловсруулж мөрдүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд хүрэв.
Цаашид соёлын өвийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд нягт холбоотой хамтарч ажиллахаар боллоо.


















