Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Чөлөөт цаг

«Спэйс Икс» пуужингийн хэсгүүдийг дэлхийд буцаан авчрах туршилт хийнэ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
«Спэйс Икс» пуужингийн хэсгүүдийг дэлхийд буцаан авчрах туршилт хийнэ
«Спэйс Икс» пуужингийн хэсгүүдийг дэлхийд буцаан авчрах туршилт хийнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын «Спэйс Икс» компани сансарт хөөргөсөн пуужингийнхаа хоёр хэсгийг хоёуланг нь дэлхийд буцаан авчирч, дахин ашиглах боломжийг шалгах шинэ туршилт хийхээр бэлтгэж байна.

Тус компани «Старшип» пуужингийн 15 дахь туршилтын нислэгийг арваннэгдүгээр сарын 13-нд Техас муж дахь сансрын баазаасаа хийхээр товложээ. Хөөргөлт Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 14-ний өглөөний 06:45 цагаас эхлэх боломжтой юм.

«Старшип» пуужин хоёр үндсэн хэсэгтэй. Доод хэсэг нь пуужинг газраас хөөргөж, сансарт хүрэхэд шаардлагатай хүчийг гаргадаг. Харин дээд хэсэг нь сансрын хөлөг бөгөөд хүн, ачаа болон хиймэл дагуул тээвэрлэх зориулалттай.

Пуужин хөөрсний дараа эдгээр хоёр хэсэг сална. Доод хэсэг нь хэдхэн минутын дараа дэлхийд буцаж ирэх бол дээд хэсэг нь сансарт нислэгээ үргэлжлүүлнэ.

Энэ удаагийн туршилтаар «Спэйс Икс» пуужингийн доод хэсгийг хөөрснөөс зургаа орчим минутын дараа, харин дээд хэсгийг 22 цаг гаруй ниссэний дараа буцаан авчрахаар төлөвлөжээ.

Хамгийн сонирхолтой нь пуужингийн хоёр хэсгийг газарт буулгахын оронд хөөргөх цамхагт суурилуулсан аварга механик гараар тосон авч, тогтоох юм.

«Спэйс Икс» өмнөх туршилтуудаараа пуужингийн доод хэсгийг ийм аргаар амжилттай буцаан авч байсан. Харин сансарт нисэж, дэлхийг тойрсон дээд хэсгийг ийнхүү тосон авах оролдлогыг анх удаа хийх гэж байна.

Энэ нь амаргүй туршилт юм. Учир нь сансрын хөлөг дэлхий рүү буцахдаа асар өндөр хурдтайгаар агаар мандалд нэвтэрч, хүчтэй халалт болон ачаалалд өртдөг. Үүний дараа хурд, чиглэлээ нарийн тохируулж, хөөргөх цамхагт аюулгүй хүрэх шаардлагатай.

Хэрэв буцах явцад техникийн асуудал гарвал сансрын хөлгийг цамхагт авчрах оролдлогыг зогсоож, далайд буулгахаар төлөвлөжээ.

Туршилт амжилттай болбол сансарт ниссэн пуужингийн хоёр хэсгийг хоёуланг нь бүрэн бүтэн буцаан авчирсан анхны тохиолдол болно.

«Спэйс Икс» энэ технологийг хөгжүүлснээр нэг удаагийн нислэгийн дараа пуужингийн үнэтэй эд ангиудыг хаяхгүй, дахин дахин ашиглахыг зорьж байна. Ингэснээр сансрын нислэгийн зардлыг бууруулж, цаашид Сар болон Ангараг гараг руу хүн, ачаа тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх юм.

Хуваалцах