Apple компани iOS 27 үйлдлийн системдээ шинэ боломжууд нэмжээ
Мэдээллийн алба

Apple компани iPhone гар утасны iOS 27 үйлдлийн системийн шинэчлэлээр хүүхдийн цахим хэрэглээг хянах, интернэт хуудсын өөрчлөлтийг мэдэгдэх, хиймэл оюун ухаанаар гэрэл зураг засварлах зэрэг шинэ боломжуудыг нэвтрүүлжээ.
Шинэ үйлдлийн системийг 2019 онд худалдаанд гарсан iPhone 11 болон түүнээс хойших загваруудад суулгах боломжтой. Харин хиймэл оюун ухаанд суурилсан зарим үйлчилгээ зөвхөн iPhone 16, iPhone 15 Pro болон түүнээс шинэ, тохирох төхөөрөмжүүдэд ажиллах юм.
Шинэчлэлийн гол онцлог нь эцэг эхчүүд хүүхдийнхээ гар утасны хэрэглээг илүү нарийвчлалтай зохицуулах боломжтой болсон явдал юм. Тухайлбал, 13-аас доош насны хүүхэд Safari хөтөчөөр өмнө нь зөвшөөрөл аваагүй цахим хуудсанд зочлохыг хүсвэл эцэг эхээсээ зөвшөөрөл авах шаардлагатай болжээ.
Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ тоглоом, олон нийтийн сүлжээ, үзвэр үйлчилгээний аппликейшн ашиглах цагийг тус тусад нь тохируулж, хичээлийн болон амралтын өдрүүдэд өөр хуваарь тогтоох боломжтой. Шаардлагатай үед гар утасны хэрэглээг түр зогсоох, эсвэл хязгаарлалтыг тодорхой хугацаанд цуцлах сонголт ч нэмэгдсэн аж.
Үүнээс гадна хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах системийг өргөжүүлж, өмнө нь нүцгэн биеийн дүрслэлийг илрүүлдэг байсан хамгаалалтад хүчирхийлэл, цус нөжтэй дүрс бичлэгийг таних боломж нэмжээ.
iOS 27-ийн өөр нэг шинэ боломж нь Safari хөтчийн Notify Me буюу өөрчлөлтийн мэдэгдэл юм. Энэ үйлчилгээгээр хэрэглэгч өөрийн сонирхсон цахим хуудсанд шинэ мэдээлэл нийтлэгдсэн эсэх, бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдсөн эсвэл худалдаанд дахин гарсан эсэхийг автоматаар хянах боломжтой болжээ.
Хэрэглэгч хяналтын давтамжийг цаг, өдөр, долоо хоног, сараар тохируулна. Гэхдээ одоогоор хэдхэн минутын зайтайгаар мэдээлэл шалгах боломжгүй тул шуурхай өөрчлөлтийг тэр даруй мэдэгдэхэд хязгаарлалттай гэж AP агентлагийн технологийн тоймд дурджээ.
Apple компани мөн гэрэл зураг засварлах үйлчилгээнд хиймэл оюун ухааны шинэ хэрэгслүүд нэмсэн. Эдгээр нь зургийн өнцгийг өөрчлөх, илүүдэл зүйлсийг арилгах, зургийн хүрээнээс гадуурх дэвсгэрийг зохиомлоор өргөтгөх боломж олгоно.
Гэхдээ AP агентлагийн туршилтаар зарим зурагт хиймэл оюун ухаан бодит байдалд нийцэхгүй дүрслэл үүсгэжээ. Тухайлбал, байшингийн дугаарын тэмдэглэгээг алдаатай бүтээж, зургийн зарим эд зүйлсийн хэмжээ, хэлбэрийг гажуудуулсан тохиолдол гарсан аж.
Үйлдлийн системийн шинэчлэлийн хүрээнд Apple-ийн Siri дуут туслахыг хиймэл оюун ухаанаар сайжруулсан бөгөөд шинэ хувилбарыг эхний ээлжид туршилтын журмаар ашиглуулж эхэлжээ. Харин Европын Холбоонд нэвтрүүлэх хугацаа цахим зах зээлийн зохицуулалттай холбоотой маргаанаас шалтгаалан хойшилсон байна.


















