Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Стокхольмын монголчууд Б.Шаравын эмчилгээнд зориулсан хандивын үдэшлэг зохион байгууллаа

Хүнд өвчнөөр өвдсөн Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравт туслах сайн үйлсийн аян Монголчуудын дунд өрнөж, бүхий л салбарын төлөөлөл хандив туслалцаа үзүүлж эхлээд байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Стокхольмын монголчууд Б.Шаравын эмчилгээнд зориулсан хандивын үдэшлэг зохион байгууллаа
Стокхольмын монголчууд Б.Шаравын эмчилгээнд зориулсан хандивын үдэшлэг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Хүнд өвчнөөр өвдсөн Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравт туслах сайн үйлсийн аян Монголчуудын дунд өрнөж, бүхий л салбарын төлөөлөл хандив туслалцаа үзүүлж эхлээд байгаа. Тэрбээр долдугаар сарын дундуур ходоодны хорт хавдар гэсэн оноштойгоор БНХАУ-д хоёр ч удаа хагалгаанд ороод байгаа юм. Эмчилгээ нь ард олны хандиваас бүрдсэн 60 гаруй сая төгрөгөөр хийгдээд байсан.

Гэвч цаашид үргэлжлүүлэн удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул Монгол түмний суут эрхэмд зориулсан хандивын үйл ажиллагаа хилийн чанадад амьдарч байгаа элгэн нутгийнхны дунд ч өрнөөд байна. Шведийн Вант улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууд ч энэ хандивын сайн үйлсийн аянд нэгдлээ. Тус улсад үйл ажиллагаагаа явуулдаг "МН" клуб болон дуу хөгжмийн “Семон” хамтлагаас санаачлан хөгжмийн зохиолч Б.Шаравт зориулсан үдэшлэгийг зохион байгуулж энэ үеэрээ сайхан сэтгэлийн өглөг өргөх хандивын хайрцаг аялууллаа.

Хандивын үдэшлэгт Швед дэх Монголчуудын үндэсний холбоо, Монгол хэл соёлын хөгжүүлэх “Төгс Билэгт” төв, “Хос жигүүр” төв, “Монгол Алтай” компани, “Оргил” мэдээллийн төв, сонгодог хөгжмийн “Сувдан өрөг” сургалтын төв, Монголын залуучуудын холбооны салбар зөвлөл зэрэг байгууллага, иргэд оролцлоо. Энэхүү хандивын үйл ажиллагааны үеэр нийтдээ 10.310 швед крон буюу 1200 ам.доллар цугласныг нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын хандивын дансанд шилжүүлсэн тухайгаа "МН" клубын төлөөлөл мэдээлсэн юм.

Бэлтгэсэн Р.Хишиг-Алдар

Хуваалцах