Сүхбаатар аймагт хог цэвэрлэх аян өрнөж байна
Сүхбаатар аймаг сүүлийн жилүүдэд "Улсын тэргүүний аймаг"-аар дараалан шалгарч, цаашдаа аймаг орон нутгаа улсын жишиг аймаг болгон хөгжүүлэх, түүнчлэн аймгийнхаа зүрх нь болсон Баруун-Уртыг хотын статусаар хөгжүүлэхийг зорин ажиллаж байгаа билээ.
Мэдээллийн алба

Сүхбаатар аймаг сүүлийн жилүүдэд "Улсын тэргүүний аймаг"-аар дараалан шалгарч, цаашдаа аймаг орон нутгаа улсын жишиг аймаг болгон хөгжүүлэх, түүнчлэн аймгийнхаа зүрх нь болсон Баруун-Уртыг хотын статусаар хөгжүүлэхийг зорин ажиллаж байгаа билээ. Хот хоггүй, эрүүл, аюулгүй, цэвэр, цэмцгэр байх учиртай. Үүнийг дагаад иргэд ч хотын соёлтой, нийгэмч сэтгэхүйтэй, нийгмийн хариуцлагатай, нийгмийнхээ сайн сайхны төлөө гар бие, сэтгэл зүтгэлээ зориулдаг байх ёстой. Тийм ч учраас Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын залуус санаачлан “I LOVE BARUUN-URT” #ХогBucketChallenge-ыг хот даяараа өрнүүлж эхэлжээ.

Баруун-Уртынхаа өнцөг булан бүрт байгаа хогийг нийт аж ахуйн нэгж, байгууллага хамт олны хүчээр цэвэрлэж, цэмцгэр эко орчинд амьдрах, бүх нийтээрээ хотын соёлд суралцахад нөлөөлөх нь энэхүү үйл ажиллагааны гол зорилго оршиж байгаа аж. Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын залуус аянаа эхлүүлж, хотынхоо эх болсон Баруун-Уртын голоо цэвэрлэж, дараагийн байгууллагаар Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газрын хамт олныг дуудсан бол буухиа тус аймгийн Цагдаагийн газарт үргэлжлэн очсон байна. Түүнчлэн I love Baruun-Urt гэсэн бэлгэдэл бүхий цом, туузыг дараачийн байгууллагад буухиа болгон дамжуулж, тухайн байгууллагын хамт олон дуудсан хоногоос хойш гурав хоногийн дотор ямар нэгэн объектийг цэвэрлэх ёстой гэсэн дүрэмтэйгээр үргэлжилж байгаа юм.



















