“Сургуулийн орчинд жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” сэдэвт үндэсний бага хурал болно
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв ТББ, Соёл боловсролыг түгээх төв ТББ хамтран “Сургуулийн орчинд жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” сэдэвт бага хурлыг
Мэдээллийн алба

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв ТББ, Соёл боловсролыг түгээх төв ТББ хамтран “Сургуулийн орчинд жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” сэдэвт бага хурлыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын байрны хурлын танхимд зохион байгуулна.
Энэхүү бага хурал нь “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн 4 дүгээр зорилтод тусгагдсан жендэрийн тэгш бус байдлыг арилгах замаар боловсролын түвшин, мэргэжлийн сургалтад хөгжлийн бэрхшээлтэй, уугуул иргэд, эмзэг нөхцөлд буй хүүхдийг татан оролцуулж, тэгш боломжоор хангах дэд зорилтод дэмжлэг үзүүлэх; сургуулийн орчинд жендэрт суурилсан хүчирхийллийн тархалт, хүүхдийн боловсролд үзүүлэх нөлөө, эрсдлийн талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх; сургуулийн орчинд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй үр дүнтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш, эрүүл мэндийн ажилтан, цагдаа, орон нутгийн нийгэмлэг, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
Тус хуралд БСШУСЯ, ХНХЯ, ХЗДХЯ, ЦЕГ-ын мэргэжилтнүүд; хөдөө орон нутаг болон нийслэлийн ЕБС-ийн багш, нийгмийн ажилтнууд; холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцоно.
Энэхүү хурлаас өмнө “Сургуулийн орчинд жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” сэдэвт ЕБС-ийн багш нарыг чадавхжуулах 2 өдрийн сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ.


















