Сүүн чихэр үйлдвэрлэж байна
Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн малчин эмэгтэй Тогмидын Алтантуяа сүү, сүүн бүтээгдэхүүн ашиглан чихэр үйлдвэрлэж, нутгийн брэнд бий болгожээ.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн малчин эмэгтэй Тогмидын Алтантуяа сүү, сүүн бүтээгдэхүүн ашиглан чихэр үйлдвэрлэж, нутгийн брэнд бий болгожээ.
Энэхүү бүтээгдэхүүн нь Өмнөговь аймгийн “Говь фестиваль-2014” арга хэмжээний шилдэг, шинэлэг бүтээгдэхүүнээр шалгарсан байна.
Т.Алтантуяа 1991 оноос хойш мал маллан амьдарч буй бөгөөд хонь, ямаа, тэмээнийхээ сүүг боловсруулан төрөл бүрийн цагаан идээ үйлдвэрлэж иржээ.
Тэрээр энэ жилээс ингэний сүүгээр зөөлөн чихэр үйлдвэрлэж эхэлсэн байна. Хоёр литр сүүнээс 1 кг орчим чихэр гардаг аж.
Малчин Т.Алтантуяа сүүн чихрээ зөөлөн болон ирис гэсэн хоёр төрлөөр үйлдвэрлэж буй юм байна. Цаашид нэр төрлөө олшруулан үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөжээ. Чихэр амт чанартайгаас гадна химийн ямар нэг бодис ороогүй, дан ганц ингэний сүүгээр хийгддэгээрээ экологийн цэвэр шинэлэг бүтээгдэхүүнээр тодорсон байна.


















