Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэрэг

Тагнуулын байгууллага нь Эрүүгийн байцаан шийтгэх Хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн дараах зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 19 минут
Тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэрэг
Тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэрэг. Зураг: МҮОНРТ

Тагнуулын байгууллага нь Эрүүгийн байцаан шийтгэх Хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн дараах зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна.

79 дүгээр зүйл. Эх орноосоо урвах:

79.1. Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Гадаад улсын тагнуулын албанд элссэн боловч авсан даалгавраа биелүүлэх талаар ямар нэг үйлдэл хийгээгүй бөгөөд гадаадын тагнуулын албатай холбоотой болохоо төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн Монгол Улсын иргэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.

80 дугаар зүйл. Тагнуул хийх:

80.1.Гадаад улсын иргэн буюу харьяалалгүй хүн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор төрийн нууц, түүнд хамаарах мэдээ, баримт, бусад зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, тэдгээрийг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

81 дүгээр зүйл. Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах:

81.1. Улс төрийн үйл ажиллагаанд нь саад учруулах, Монгол Улсын засаг төрийг бусниулан доройтуулах зорилгоор улс төр, олон нийтийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төр, нийгмийн зүтгэлтний бие махбодид хүнд гэмтэл учруулсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

81.2. Энэ хуулийн 81.1-д заасан зорилгоор төр, нийгмийн зүтгэлтнийг алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.

82 дугаар зүйл. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах:

82.1. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахад оролцсон боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө энэ тухай төрийн зохих байгууллага, албан тушаалтанд сайн дураараа мэдэгдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.

83 дугаар зүйл. Зэвсэгт үймээн дэгдээх:

83.1. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан төрийн тогтолцоог хүчээр өөрчлөх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах зорилгоор зэвсэгт үймээн дэгдээсэн бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

84 дүгээр зүйл.Хорлон сүйтгэх:

84.1. Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг сулруулан доройтуулах зорилгоор үйлдвэр, байгууламж, зам харилцаа, холбооны хэрэгсэл, бусад эд хөрөнгийг тэслэх, дэлбэлэх, галдан шатаах болон бусад аргаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, хүн, мал, ургамлын гоц халдварт өвчин тараасан, олон хүнийг хордуулсан, түүнчлэн хүн, мал, амьтныг үй олноор нь устгасан бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.

85 дугаар зүйл. Хорлон саатуулах:

85.1. Монгол Улсын эдийн засаг, батлан хамгаалах хүчин чадлыг сулруулан доройтуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг саатуулсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

86 дугаар зүйл. Үндэсний эв нэгдлийг бусниулах:

86.1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны үзэл номлолоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх зорилгоор ухуулга, сурталчилгаа явуулсан, ялгаварлан гадуурхаж, эрхийг нь шууд буюу шууд бусаар хязгаарласан буюу давуу байдал тогтоосон бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

87 дугаар зүйл.Төрийн нууц задруулах:

87.1. Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, обьект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

87.2. Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

88 дугаар зүйл. Төрийн нууц мэдээ, баримт бичиг, эд зүйлийг үрэгдүүлэх:

88.1. Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, албан үүргийн хувьд мэдсэн этгээд тэдгээртэй харьцах талаар тогтоосон журам зөрчсөний улмаас үрэгдүүлсэн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

89 дүгээр зүйл. Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх:

89.1. Хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

89.2. Энэ хэргийг давтан буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Үзэл бодол, улс төрийн болон шударга ёсны бусад үйл ажиллагааны улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн орогнох эрх олж авахын тулд хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн бол энэ зүйл хамаарахгүй.

133 дугаар зүйл. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих:

133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

177 дугаар зүйл. Зандалчлах:

177.1. Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор, олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

177.2. Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол хориос дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.

Тайлбар: Зандалчлах гэмт хэрэгт бэлтгэхэд идэвхтэй оролцсон боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэн, эсхүл энэ үйлдлийг таслан зогсооход идэвхтэй оролцсон бөгөөд түүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.

178 дугаар зүйл. Зандалчлах тухай санаатай худал мэдээлэх:

178.1. Зандалчлах тухай санаатай худал мэдээлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

1781 дүгээр зүйл. Терроризм:

1781.1. Хууль бус зэвсэгт бүлэглэл, террорист этгээд өөрийн улс төр, шашин, үзэл суртлын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд нийгмийг, эсхүл түүний тодорхой хэсгийг айдаст автуулахаар иргэдийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, хүчирхийлэхээр заналхийлсэн, энэхүү үйлдлээрээ гоц халдварт өвчин, гал түймэр болон гамшгийн нөхцөлийг бүрдүүлсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

1781.2. Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол хориос дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.

1782 дугаар зүйл. Терроризмыг санхүүжүүлэх:

1782.1.Террорист хүн, террорист байгууллага болон террорист ажиллагаанд зарцуулагдахыг урьдчилан мэдсээр байж шууд болон шууд бусаар, хууль бусаар болон санаатайгаар, бүхэлд нь болон хэсэгчлэн эд хөрөнгө хуримтлуулсан, шилжүүлсэн, зарцуулсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

1782.2. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

1783 дугаар зүйл. Терроризмыг сурталчлах:

1783.1. Терроризмыг сурталчилсан, террорист ажиллагаа явуулах, түүнд оролцохыг нийтэд уриалсан, өдөөн хатгасан, албадсан, энэ чиглэлээр сурталчилгааны материал бэлтгэсэн, тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

1783.2. Терроризмыг сурталчлах гэмт хэргийг давтан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбоо, цахим сүлжээ ашиглаж үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

224 дүгээр зүйл. Олон улсын нислэгийн журам зөрчих:

224.1. Олон улсын нислэг үйлдэж байгаа нисэх багийн бүрэлдэхүүн зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад нисэж ирэх буюу Монгол Улсаас нисэж гарах, зөвшөөрөгдсөн агаарын зам, хаалга, буух газрыг хүндэтгэх шалтгаангүйгээр дур мэдэн өөрчлөх зэргээр олон улсын нислэгийн журмыг зөрчсөн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

224.2. Энэ хэргийн улмаас агаарын хөлөг осолдсон, сүйрсэн, их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

297 дугаар зүйл. Зэвсэгт мөргөлдөөн гаргах:

297.1.Улс хоорондын буюу бүс нутгийг хамарсан зэвсэгт мөргөлдөөн үүсгэсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

300 дугаар зүйл. Үй олноор хөнөөх зэвсэг бүтээх, олж авах, тараах:

300.1. Монгол Улсын олон улсын гэрээгээр хориглосон хими, биологийн болон үй олноор хөнөөх бусад төрлийн зэвсэг олж авсан, бүтээсэн, тараасан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

302 дугаар зүйл. Төрлөөр устгах:

302.1. Үндэс, угсаа, арьсны өнгө болон хүн ам, шашны тодорхой бүлгийг устгах зорилгоор хүнийг алсан, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан, төрөлтийг хүчээр зогсоосон, хүүхдийг нь бусад бүлэгт шилжүүлсэн, албадан зайлуулсан, эсхүл амьдралын өөр нөхцөл бий болгох замаар тэднийг бүхэлд нь буюу хэсэгчлэн устаж үгүй болоход хүргэсэн, хүчээр сураггүй алга болгосон бол хориос хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.

303 дугаар зүйл. Хөлсний цэрэг ашиглах:

303.1. Зэвсэгт мөргөлдөөн, дайны үйл ажиллагаанд гадаад улсын хөлсний цэрэг ашигласан буюу түүнийг сургаж бэлтгэсэн, санхүүжүүлсэн, бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

303.2. Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, эсхүл насанд хүрээгүй хүнийг татан оролцуулсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

303.3. Хөлсний цэрэг зэвсэгт мөргөлдөөн, дайны үйл ажиллагаанд оролцсон бол арван таваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тагнуулын байгууллага өөрсдөө илрүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн дараах зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна.

113 дугаар зүйл. Хүн худалдаалах:

113.1. Хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, эсхүл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашиглах, түүнчлэн өөр хүнийг эрхшээлдээ байлгаж буй этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, ашиг олгон хахуульдах аргаар хүнийг хүн худалдаалах гэмт үйлдэлд элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан дамжуулсан, хүлээн авсан бол эд хөрөнгийг хурааж, гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

113.2. Энэ хэргийг:

113.2.1. давтан;

113.2.2. хоёр буюу түүнээс олон хүнийг;

113.2.3. насанд хүрээгүй хүнийг;

113.2.4. хүний эд эрхтэнг авах зорилгоор;

113.2.5. сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүйд тооцогдсон хүнийг;

113.2.6. хөгжлийн бэрхшээлтэй хүнийг;

113.2.7. албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах буюу эрхшээлдээ байгаа хүнийг;

113.2.8. хуурамч бичиг баримт ашиглан;

113.2.9. хохирогчийн бичиг баримтыг авах, нуух, устгах арга хэрэглэж;

113.2.10. улсын хил давуулан;

113.2.11. илтэд жирэмсэн хүнийг худалдаалсан бол эд хөрөнгийг хурааж, таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

113.3. Энэ хэргийг урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:

1. Энэ хуулийн 113.1-д заасан “мөлжих” гэдгийг худалдаалагдсан хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох болон түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч ашиглах гэсэн утгаар ойлгоно.

2. Энэ хэргийг үйлдэхдээ хохирогчийн эсрэг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эсхүл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашигласан, эмзэг байдлыг нь далимдуулах, эсхүл өөр хүнийг эрхшээлдээ байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлж буюу ашиг олгон хахуульдах аргын аль нэгийг хэрэглэсэн тохиолдолд хохирогч өөрийг нь мөлжихийг зөвшөөрсөн эсэхийг үл харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

3. Энэ хуулийн 113.1-д заасан аргыг хэрэглээгүй байсан ч арван найман насанд хүрээгүй хүнийг хүн худалдаалах гэмт хэргийн зорилгоор элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун дарагдуулсан, дамжуулсан, хүлээн авсан бол хүн худалдаалсан гэж үзнэ.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 113 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 12

Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Нэг. Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн зарим заалтыг дор дурьдсанаар тайлбарласугай.

1.1. “Хүн худалдаалах” гэдэгт тодорхой төлбөртэйгөөр (мөнгө авах, эд хөрөнгө болон түүнийг өмчлөх эрхээр солилцох г.м) эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцож (өрөнд өгөх г.м) хүнийг бусад хүмүүсийн мэдэлд бүр мөсөн буюу тодорхой хугацаагаар шилжүүлэхийг ойлгоно.

1.2. “Ашиг олох зорилгоор” гэж хүн худалдаалах замаар өөртөө болон бусад этгээдэд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашигтай байдал, орлого бий болгохыг хэлнэ.

1.3. “Хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 1.4-т зааснаар ойлгоно.

1.4. “Хууран мэхэлсэн” гэж үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдүүлэхийг хэлнэ.

Энэ нь гадаад улсад ажиллах, суралцах, аялах, гэрлэхэд зуучлах зэргээр худал амлах хэлбэрээр илэрнэ.

1.5. “Эмзэг байдлыг нь далимдуулсан” гэдэгт хохирогчийн эдийн засаг, эрүүл мэнд болон хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, түүнчлэн амьдрал ахуйн бусад хүнд байдал зэргийг ашигласан байхыг ойлгоно.

1.6. “Элсүүлсэн” гэж хүнийг худалдаалах зорилгоор тухайн болон бусад этгээдийг айлган сүрдүүлэх, тулган шаардах, ятгах замаар гэмт ажиллагааны оролцогч болгох аливаа үйлдлийг хэлнэ. Хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэхдээ бусдыг татан оролцуулахаас гадна хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй болон эрхшээлдээ байгаа байдал зэргийг далимдуулан зөвшөөрүүлэх явдал нь энэ ойлголтод нэгэн адил хамаарна.

1.7. “Тээвэрлэсэн” гэдэгт хүн худалдаалж байгааг мэдсэн этгээд худалдаалагдаж буй хүнийг нэг газраас нөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ил болон далд хэлбэрээр зөөвөрлөхөөс гадна уг ажиллагаанд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг ойлгоно.

Хүн худалдаалж байгаа этгээд өөрөө тээвэрлэсэн бол энэ нь түүний гэмт үйлдлийн нэг хэсэг болно.

1.8. “Дамжуулсан” гэж хүн худалдаалж байгааг мэдсэн этгээд хүнийг гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хил нэвтрүүлэх, нэг этгээдээс нөгөөд хүнийг шилжүүлэх болон уг ажиллагаанд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хэлнэ.

1.9. “Орогнуулсан” гэдэгт хүн худалдаалж байгааг мэдсэн этгээд худалдаалагдаж буй хүнийг хүлээн авах этгээдэд шилжих хүртэл түр хугацаагаар өөрийн, эсхүл бусдын орон байранд хяналттай болон хяналтгүйгээр нуугдуулан байрлуулахыг ойлгоно.

1.10. “Хүлээн авсан” гэж худалдаалагдсан хүнийг өөрийн мэдэлд байлгаж, ашиглахаар шилжүүлэн авахыг ойлгоно.

1.11. “Эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдэгт хууль тогтоомж буюу эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу өөрт нь олгогдсон албаны болон бусад бүрэн эрхийг санаатайгаар харш ашигласан явдлыг хамааруулж үзнэ.

1.12. “Эрхшээлдээ байгаа” гэдэгт эд хөрөнгийн болон бусад нөхцөл байдлын улмаас тухайн этгээдээс хараат байхыг ойлгоно.

1.13. “Хил давуулан” гэдэгт хүнийг худалдаалахын тулд улсын хилийг нууцаар, эсхүл хуурамч буюу хууль ёсоор олж авсан баримт бичиг ашиглан илээр нэвтрүүлэхийн аль аль нь хамаарна.

Хүнийг хил давуулан худалдаалахдаа хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

1.14. “Хүнд хор уршиг учирсан” гэдэгт хүнийг худалдаалахтай шууд холбоотойгоор амь нас нь хохирсон, амиа хорлоход хүргэсэн, бие махбодид нь хүнд гэмтэл учирсан, сэтгэцийн болон бусад хүнд өвчнөөр өвчилсөн, түүнчлэн эд хөрөнгийн хувьд хохирол учирсан зэрэг үр дагавар бий болсныг ойлгоно.

Хоёр. Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн тайлбарын 1 дэх хэсгийн зарим заалтыг дор дурьдсанаар тайлбарласугай.

2.1. “Биеийг нь үнэлүүлэх” гэж хохирогчийн хүсэл зоригоос гадуур түүнийг бусадтай бэлгийн харьцаанд төлбөртэй оруулахыг хэлнэ.

“Бэлгийн хүчирхийлэлд оруулах” гэдэгт биеийг нь үнэлүүлэхээс гадна тулган шаардах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж садар самууныг сурталчлахад татаж оруулсан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан аливаа үйлдэл хийсэн зэргийг ойлгоно.

Өрийн дарамтад оруулах зэргээр биеийг нь үнэлүүлсэн болон бусад хэлбэрээр бэлгийн хүчирхийлэлд оруулсан бол үүнд нэгэн адил хамаарна.

2.2. “Албадан хөдөлмөр хийлгэх” гэдэгт хүний хүсэл зоригоос гадуур түүгээр аливаа ажил үйлчилгээг төлбөргүйгээр гүйцэтгүүлэхийг хэлнэ.

2.3. “Боолчлох” гэдэгт эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус өмчлөх эрхэд хамаарах бүх, эсхүл зарим эрхийг хүн дээр хэрэгжүүлж, түүний төрөлхийн болон жам ёсны бүх эрхийг хориглох буюу хязгаарлахыг ойлгоно.

2.4. “Боолчлолтой ижил төстэй нөхцөлд байлгах” гэж хуульд харшилсан зан заншил, уламжлал, шашин шүтлэг зэрэгтэй холбоотойгоор хүний төрөлхийн болон жам ёсны бүх эрхийг хориглох буюу хязгаарлах явдлыг хэлнэ.

2.5. “Эд эрхтнийг нь авч ашиглах” гэдэгт хүний цус, нөхөн үржихүйн эд (өндгөвч, төмсөг, өндгөн эс, сүн, ураг)-ээс бусад эд эрхтнийг ашиг олох зорилгоор, хууль бусаар авсан үйлдлийг хамааруулж үзнэ.

Гурав. Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.3-т заасан хүн хулгайлах хэрэг нь хүнийг худалдаалах зорилготой байдгаараа мөн хуулийн 108 дугаар зүйлд заасан гэмт хэргээс ялгагдана.

Хүнийг худалдаалах зорилгоор хулгайлсан нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн тул энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлээр давхар зүйлчлэхгүй.

Дөрөв. Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн тайлбарын 1 дэх хэсгийн “биеийг нь үнэлүүлэх” гэдэг нь мөн хуулийн 124 дүгээр зүйлд заасан “биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах” гэмт хэргээс дараах шинжээр ялгагдана.

4.1 Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасан “биеийг нь үнэлүүлэх” гэдэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур, тулган шаардаж, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, түүнийг бэлгийн харьцаанд оруулдаг бол мөн хуулийн 124 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд энэ нь заавал байх шинж биш болохыг анхаарвал зохино.

4.2 Хүнийг худалдаалах гэмт хэргийн хохирогчийг бусад хүмүүсийн мэдэлд бүрмөсөн буюу тодорхой хугацаагаар, төлбөртэйгөөр эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцож шилжүүлдэг бол биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулсан, зохион байгуулсан, зуучилсан гэмт хэргийн хувьд ийм шинж байдаггүйгээр ялгагдана.

4.3 Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хохирогчийн биеийг нь үнэлүүлсэн болон бусад хэлбэрээр бэлгийн хүчирхийлэлд оруулсны орлого бүхэлдээ гэмт этгээдийн ашиг болдог бол мөн хуулийн 124 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд ашиг, орлогын тодорхой хэсэг нь гэмт этгээдийн мэдэлд шилжинэ.

Түүнчлэн биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулсан, зохион байгуулсан, зуучилсан гэмт хэргийн хохирогчид биеэ үнэлсний орлогын зарим хэсэг үлддэг бол Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд ийм шинж байдаггүйгээр ялгагдана.

4.4 Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд хохирогчийн эрх, эрх чөлөө гэмт этгээдээс бүрэн хамааралтай, боолчлогдох шинжтэй бол мөн хуулийн 124 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн тухайд биеэ үнэлж байгаа этгээд нь гэмт этгээдээс ямар нэгэн байдлаар хараат байх боловч эрх, эрх чөлөө нь бүрэн хязгаарлагдсан шинжгүй байна.

4.5 Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч “биеийг нь үнэлүүлэх”-ийг урьдчилан мэдээгүй байдаг бол мөн хуулийн 124 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд биеэ үнэлж байгаа этгээд үүнийг урьдчилан мэдсэн байдгаараа ялгагдана.

4.6 Биеийг нь үнэлүүлэх болон бусад хэлбэрээр бэлгийн хүчирхийлэлд оруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлээр давхар зүйлчлэхгүй.

Тав. Хүн худалдаалах тухай хэлцэл (амаар болон бичгээр) хийгдсэн болон талууд үүргээ гүйцэтгэсэн эсэхээс үл хамааран хүнийг худалдаалахаар элсүүлсэн, тээвэрлэсэн, дамжуулсан, орогнуулсан, хүлээн авсан, эсхүл дээрх үйлдлүүдэд бэлтгэсэн, завдсан бол хүн худалдаалах гэмт хэргийг төгс үйлдэгдсэнд тооцно.

1661 дүгээр зүйл. Мөнгө угаах:

1661.1. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуух, далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эсхүл эд хөрөнгийн эрхийг нуусан, далдалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

1661.2. Энэ гэмт хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

1661.3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

175 дугаар зүйл. Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх:

175.1. Хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр, ховор амьтан, түүнчлэн их хэмжээний валют, валютын үнэт зүйл, эрдэнэс, эрдэс, түүнчлэн байгалийн төрцийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

175.2. Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны болон ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн ба палентологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

175.3. Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, түүнчлэн онц их хэмжээтэйгээр үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хуваалцах