“Таван эрдэнэ” нэвтрүүлэг 35 дах жилдээ...
МҮОНР-гийн Хөдөө аж ахуйн редакци, өнөөгийн Нийгэм хөдөө аж ахуйн нэвтрүүлгийн албанаас эрхлэн бэлтгэдэг “Таван эрдэнэ” нэвтрүүлэг нь 1961 оноос “Энх төлийн дуу” нэртэйгээр цацагдаж эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш нэг их удалгүй, тухайн үеийн нийгэм цаг үетэй уялдуулан “Төл түмний үйлс” нэрээр явж бай
Мэдээллийн алба

МҮОНР-гийн Хөдөө аж ахуйн редакци, өнөөгийн Нийгэм хөдөө аж ахуйн нэвтрүүлгийн албанаас эрхлэн бэлтгэдэг “Таван эрдэнэ” нэвтрүүлэг нь 1961 оноос “Энх төлийн дуу” нэртэйгээр цацагдаж эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш нэг их удалгүй, тухайн үеийн нийгэм цаг үетэй уялдуулан “Төл түмний үйлс” нэрээр явж байгаад, 1978 оны Шороон морин жилийн хаврын тэргүүн сарын арван тавны өдрөөс МУСГЗ, сэтгүүлч Мятавын Цагааны санаачлагаар “Таван эрдэнэ” хэмээн нэрийдэж өнөөг хүртэл Монголын радиогийн нэр хүндтэй томоохон нэвтрүүлгийн нэг байсаар авай. Тус нэвтрүүлгийг шинэчилснээр нэвтрүүлгийн нэрэмжит дууны уралдааныг зарласан байдаг. Дууны уралдаанд маш олон бүтээл ирж, яруу найрагч Л.Лувсандоржийн шүлэг, МУ-ын УГЗ, хөгжмийн зохиолч З.Батсүхийн хөгжим “Таван эрдэнэ” дуу батлагдаж тус нэвтрүүлгийн нэрийн хуудас болон өнөөдөр ч эгшиглэсээр байна.
Тус нэвтрүүлгийн редактороор Пүрэвжавын Баярсайхан, Дэлгэрийн Пэлдэн, Дүгэрийн Амбасэлмаа, Мятавын Цагаан, Дамбын Шагдарсүрэн, Цэндийн Чимиддорж зэрэг олон түмний итгэл хүндэтгэлийг хүлээсэн эрхмүүд ажиллаж ирсэн байна. “Таван эрдэнэ” нэвтрүүлэг нь төл бойжих хавар цагаас бусад улиралд “Малчин” нэртэйгээр нэвтэрдэг. “Малчин” нэвтрүүлэг нь мөн 1960-аад онд эхлэл сууриа тавьсан бөгөөд анх “Хөдөө нутгийн амьдрал” нэртэйгээр нэвтэрч эхэлсэн байна. Хожим 1970-аад онд нэрээ сольж “Өнөөгийн хөдөө” нэрээр явж байгаад 1986 оноос өнөөг хүртэл “Малчин” нэрээрээ малчин түмнийхээ төлөө дуугарсаар байна. “Таван эрдэнэ” нэрээр дуугарсан цагаасаа хойш өдгөө 35 дахь жилдээ эгшиглэж байгаа тус нэвтрүүлгийн өнөөгийн редактор Ө.Цогт-Эрдэнэ харагчин могой жилийн хавар эх орноо нар зөв тойрон энх төлийн дуу цангинасан малчны хотноос 35 дугаарыг бэлтгэн дамжуулсан байна. Тухайлбал өнтэй зудтай, өвстэй цастай олон аймаг орон нутгаар явж төл бойжилт хийгээд хаваржилтын мэдээг цаг алдалгүй мэдээлэн явсаар, зуны уур орох үеэр Дундговь аймгийн Хулд сумын нутаг Үл олдохын тал /тэмээн сүргийн/ дундаас 35 дахь дугаар буюу хаалтын дугаараа дамжуулан сонсогч олныгоо, малчин түмнийгээ зун цагтай золгуулсан билээ. Ингээд морин жилийн хавар эргээд л морилон уулзатлаа “Таван эрдэнэ” нэвтрүүлэг түр завсарлалаа.
Редактор Ө.Цогт-Эрдэнэ


















