Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тавантолгойн төмөр замын 51 хувь нь Монголын төрд байх яриа хэлэлцээг яаралтай хийнэ

Засгийн газрын “Шийдлийн цаг” уулзалтад Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан оролцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Тавантолгойн төмөр замын 51 хувь нь Монголын төрд байх яриа хэлэлцээг яаралтай хийнэ
Тавантолгойн төмөр замын 51 хувь нь Монголын төрд байх яриа хэлэлцээг яаралтай хийнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын “Шийдлийн цаг” уулзалтад Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан оролцлоо.

Ерөнхий сайдын 2015 оны 165 дугаар захирамжаар Тавантолгойн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд улс төрийн аливаа албан тушаалтныг оролцуулаагүй, мэргэжлийн түвшинд арилжааны зарчмаар компани хооронд хэлэлцээг үргэлжлүүлэх үүднээс “Эрдэнэс Монгол” компани, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн төлөөллийг оруулан ажиллаж байна. Мөн ажлын хэсгийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлэх олон улсын хууль, санхүү болон техникийн зөвлөхүүд ажиллаж байгаа. Тавантолгой ордыг цогцоор нь ашиглах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, ордын хэмжээнд шаардлагатай дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох тооцоо судалгааг хийж байна. Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа, үндэсний аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд байгаа хувьцааны үнэ цэнийг өндөр байлгах чиглэлээр хэлэлцээг үргэлжлүүлэн өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагч талтай гурван бүлэг яриа хэлэлцээ хийгээд байна гэж Ажлын хэсгийн ахлагч Б.Бямбасайхан Ерөнхий сайдад танилцууллаа.

УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн тодорхой санал, дүгнэлтүүд, УИХ, ЗГ-ын холбогдох тогтоолыг баримтлан, тогтоолын хүрээнд Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай. Зүүн чиглэл рүү явах төмөр замын яриа хэлэлцээг цаг хугацааны хувьд хамтатган явуулах, болж өгвөл ирэх жилийн хавраас бүтээн байгуулалтын ажлыг эхлэх чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хамтран ажиллах хэрэгтэй гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тодотгосон юм.

Мөн Хятадын “Шинхуа” компанитай хэлэлцээгээ үргэлжлүүлж, УИХ-ын ажлын хэсгээс гаргасан чиглэлийн дагуу Тавантолгойн бүх ордыг эргэлтэд оруулах зарчмыг ажил хэрэг болгох нь зүйтэй. Төмөр замын 51 хувь нь Монголын төрд байхаар яриа хэлэлцээг хийх ёстой. Тийм учраас ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын төмөр замын төлөөллийг нэмж оролцуул гэлээ. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын болон бусад эрсдэлийг буулгаж, Монголын талд ногдох үр өгөөжийг аль болох нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг санал санаачилгатай ажиллах шаардлагатай байгааг Ерөнхий сайд санууллаа.

Хуваалцах