“Teen шийдэл” төслийн уралдаан зарлагдлаа
“Teen шийдэл” бичил төслийн уралдаан нь нийт таван үе шаттай ба сурагчид 10 сая хүртэлх төгрөгөнд багтаан хэрэгжүүлэх төслийн санаагаа гуравдугаар сарын 31-ний дотор илгээнэ.
Мэдээллийн алба

Монгол экологи төв төрийн бус байгууллагаас хэрэгжүүлдэг “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөрийн хүрээнд Монгол орны өнцөг булан бүрт суугаа 15-18 настай сурагчдын дунд 30 сая төгрөг хүртэлх шагналын сантай “Teen шийдэл” бичил төслийн уралдааныг зарлаж байна.
Тус уралдаан нь сурагчдын санал санаачлагыг дэмжих, санаагаа бодит ажил хэрэг болгох, нийгэмд тулгамдаж буй асуудлыг өөрсдөө тодорхойлж, шийдвэрлэхэд гар бие оролцох боломжоор хангах зорилготой. Уралдаанд хамрагдсан сурагчид үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж, суралцаж, хүрээллээ тэлэхээс гадна асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, төсөл санаачлан, хэрэгжүүлэх, илтгэх ур чадваруудад суралцана.
“Teen шийдэл” бичил төслийн уралдаан нь нийт таван үе шаттай ба сурагчид 10 сая хүртэлх төгрөгөнд багтаан хэрэгжүүлэх төслийн санаагаа гуравдугаар сарын 31-ний дотор илгээнэ.
Тавигдах шаардлага:
Заавал баг бүрдүүлэн оролцох баг бүр 15-18 насны 3-6 гишүүнтэй байна
Багийн гишүүд өөр анги, сургууль, аймгийн сурагчдаас бүрдэж болно
Багийн гишүүд нэг гэр бүлийн ах, эгч дүүс байж болохгүй
Багийн бүх гишүүн төсөл үргэлжлэх хугацаанд буюу 2022 оны дөрөвдүгээр сараас арванхоёрдугаар сар дуустал зохион байгуулагдах бүх арга хэмжээнд цахимаар болон биеэр оролцох боломжтой байх
Төслийг нэг жил болон түүнээс доош хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байх
Төслийн нийт төсөв 10 сая төгрөгөөс ихгүй байх
Төсөл нь сургуулийн орчин, орон нутаг, нийгэм болон байгаль орчинд тулгамдаж буй ямар нэг асуудлыг шийдвэрлэх зорилготой байх. Төслийн хүрээ тодорхой сэдвүүдээр хязгаарлагдахгүй.
Тус уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу.


















