Техникийн шинэчлэлийн "хаан" Д.Цэдэвсүрэн төрийн одонгоор шагнагдлаа
Техникийн шинэчлэлийн "эх баригч" хэмээн хэлэгддэг Д.Цэдэвсүрэн өнгөрөгч наадмын өмнөхөн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсаныг өнөөдөр
Мэдээллийн алба

Техникийн шинэчлэлийн "эх баригч" хэмээн хэлэгддэг Д.Цэдэвсүрэн өнгөрөгч наадмын өмнөхөн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсаныг өнөөдөр буюу 2016 оны долоодугаар сарын 22-нд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь би гардуулан өглөө. Д.Цэдэвсүрэн нь 1971 онд ЗХУ /хуучнаар/ Одесса хотод Цахилгаан холбооны дээд сургууль төгссөн, радио телевизийн инженер мэргэжилтэй, Монгол Улсын Зөвлөх инженер, мэргэжлийн техникийн хэллэгийг монголчлох тал дээр түүнээс илүү хүн цөөн учир Монголын Баталгаат орчуулагчдын нэгдсэн холбооны нэр хүндтэй гишүүдийн нэг болсон, Радио Телевизийн дээд сургуулийн дэд профессор хүн юм.
Түүний ажлын гараа 1971 онд радиогоос эхэлж, Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хороонд техникч, инженер, ерөнхий инженер, Техникийн төвийн захирал, 1993-1996 онд нийслэлийн Улаанбаатар телевизийн захирал, 1996-1997 онд Монголын үндэсний телевизийн захирал, 1997-2000 онд Радио, телевизийн техникийн төвийн захирал, 2000-2005онд РТХЭГ-т ахлах инженер, 2005-2006 онд МҮОНРТ-д Тамгын газрын дарга, 2007-2011 онд Радио телевизийн дээд сургуульд Инженерийн тэнхимийн эрхлэгч, 2012-2015 онд мэдээ, мэдээллийн ‘MNC’ телевизэд ерөнхий инженерээр тус тус ажиллаж, манай салбарын хүндэт инженер, бас чадварлаг менежер хүн гэдгээ амьдралаараа баталсан эрхэм нэгэн билээ.

Д.Цэдэвсүрэн захирал МҮОНРТ-ийн энэхүү "саарал" байшин цаасан дээр анх зураг скиз болон зурагдах үеэс эхлээд түлхүүр гардуулах үе хүртэлх 12 жилийн хөдөлмөрөө Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтран энэ байшинд зориулсан бахархам нэгэн юм. Шагналыг гардуулан өгөх үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь “Телевизэд ороод удаагүй, ердөө 3 жил болж байхад манай телевизийн захирлаар Д.Цэдэвсүрэн гэж инженер томилогдсон юм.

Хөмсөг зангидсан хатуу дүр төрхтэй тэрээр харин ч уран бүтээлчид инженерүүдийг ч тэнцвэртэй авч үздэг, хойч үеээ бодлоготой, системтэй бэлтгэх бодлыг байнга тээж, бодит ажил болгож явсан нэгэн байсан юм билээ. Одоо бодоход хашир хамгийн сүүлд Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд 3 оюутан телевизийн нэр дээр явуулснаас хойш ВГИК рүү дахиж нэг ч хүн яваагүй гээд бодохоор түүний алсын хараа айхтар өөр байжээ гэж өнөөдөр шагнал гардуулж өгч байх үедээ бодож зогслоо.Техникийн шинэчлэлийн "хаан" Д.Цэдэвсүрэн захиралдаа төрийн дээд одон медаль хүртсэнд нь баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.” хэмээсэн юм.


















