"Тэмбүүг устгая" сэдэвт эрчимжүүлсэн сургалт үргэлжилж байна
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг баталж БЗДХ-ыг бууруулах зорилт тусгасан байдаг.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг баталж БЗДХ-ыг бууруулах зорилт тусгасан байдаг.
Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Эрүүл мэндийн яамнаас “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа ажээ.
Өнөөдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагууд, хэлтсийн дарга, ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургууль, коллежийн захирал дарга нарыг хамруулсан сургалтыг Эрүүл мэндийн газарт зохион явууллаа.

Энэхүү сургалтыг явуулснаар дээрх төрийн байгууллагуудын удирдлагууд албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хувийг нэмэгдүүлж, БЗДХ-т өртөх эрсдэлийг бууруулах, халдварыг эрт үед илрүүлэх мэдлэг хандлагаа дээшлүүлэх бүрэн боломж бүрдэх юм.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2019 оны наймдугаар сарын байдлаар зонхилон тохиолдох бэлгийн замын дамжих халдварын тохиолдол 229 бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 20,8 хувийг эзэлж байна.

2018 оны мөн үетэй харьцуулахад зонхилон тохиолдох өвчин 50 өвчлөлөөр нэмэгдэж 24 хувиар өссөн байна. Нийтийн өвчлөлийн 21.1 хувийг заг хүйтэн, 42 хувийг тэмбүү, 28.3 хувийг трихомониазын халдвар тус тус эзэлж байна.
2019 оны наймдугаар сарын байдлаар 1421 эмэгтэй жирэмсний хяналтад шинээр хянагдахад трихомониаз 45, заг хүйтэн 3, тэмбүү өвчин 20 бүртгэгдэн стандарт эмчилгээнд хамруулсан байна. Харин төрөлхийн тэмбүү өвчний 1 тохиолдол гарчээ.
Иймээс бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг тасралтгүй олгох нь чухал болоод байгаа юм. Цаашид энэхүү сургалт үе шаттайгаар үргэлжлэн явагдаж нөхөн үржихүйн насны залууст өвчинд өртөх эрсдэлийг бууруулах, мэдлэг мэдээлэлтэй болох давуу талтай.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


















