Том зочид буудлууд банк хэмээх хамтрагчтай юу?
Банк гэдэг хууль эрх зүйн талаас зөвшөөрөгдсөн санхүүгийн томоохон бие даасан, эрх бүхий байгууллага. Харин Зочид буудал мөн л тусгай зөвшөөрлийн дагуу байгуулагдсан үйлчилгээний газар.
Мэдээллийн алба

Банк гэдэг хууль эрх зүйн талаас зөвшөөрөгдсөн санхүүгийн томоохон бие даасан, эрх бүхий байгууллага. Харин Зочид буудал мөн л тусгай зөвшөөрлийн дагуу байгуулагдсан үйлчилгээний газар. Нарийн яривал энэ хоёр хоёулаа үйлчилгээний байгууллага. Хоёулаа бэлэн мөнгөтэй харьцдаг. Мөнгөө олохын хирээр үнэр авсан чоно мэт болох нь нүдэнд илэрхий болсоор ...
Бид банканд найдахаас өөр хэндээ найдаж мөнгөө хадгуулах ч билээ. Гадагш гарна бөөн суйлагч. Гэтэл банк гэдэг мөнгө угаагч чинь “Хүргэн хүү” кинонд Жамц баяны мөнгөөр хулгана зоог барьдагтай адил хадгалсан хэдийг маань карт нэрийн дор залгиад байх шиг. Харин томоохон хэмжээний хэдэн одтой ч гэдэг билээ зочид буудал , банк нэртэй хамтрагчтайгаа нийлээд мөнгө иддэг болсон юм уу даа.
Тэгээд хэтэвчнээсээ хэтрэхгүй манийн өрөөсөнд энэ нь дээрэмдүүлж байгаатай адил хүндээр тусах юм. Үхэл насыг ялгахгүй гэдэг шиг, луйвар хэнийг ч хомроголно. Манайд мөнгө угаах маш чимээгүй луйвар банкнууд бас томоохон хэмжээний үйлчилгээний газрууд биш байгаа гэсэн хардалт төрөөд явчихав. Учир нь гадаадын нэгэн компанид ажилладаг монгол эмэгтэй манайдаа л томд тооцогддог Сүнжингранд зочид буудалд буудаллаад гарах болж тооцоогоо олон улсын картаараа хийжээ. Гэтэл тус буудлын үйлчилгээний ажилтан картыг эхлээд посонд уншуулаад болсонгүй хэмээн өөр банкны посонд дахин уншуулж тооцоогоо авч. Эмэгтэй тэр даруйд гар утсаа ашиглан өөрийн картыг шалгатал нэг дор хоёр удаа ижил үнийн дүн хасагдсан байхыг хараад хэлтэл менежер н.Хатанбаатар бэлнээр мөнгийг буцаан өгчээ. Харин үүнээс хэд хоногийн дараа өнөөх менежер залуу эмэгтэй рүү утасдаад таньд өгсөн мөнгөө эргүүлж авъя, банкнаас энэ мөнгө гарсан байна гэжээ. Гэтэл цаад гадаадын банкнаас энэ мөнгийг гарсан эсэхийг тодруулахад үгүй гэж харин ч эмэгтэй эвгүй байдалд орсон тухай баттай эх сурвалжын мэдээллийн дагуу лавлахаар Сүнжинграндыг зорив. Очмогц өөдөөс угтах буудлын хүлээн авагчаас н.Хатанбаатар менежерийг асуутал буудлын ажилтан биш сауны зохион байгуулагч гэлээ. Саун руу орж түүнийг дуудуултал гараад ирэв.
Тэрээр өөрийн хамтаар удирдах албаны хүн бололтой нэг эмэгтэйтэй офисст уулзуулсан юм. Тэр эмэгтэй тайлбарлахдаа “7 сарын 24-ны өдөр манай саунаар тэр эмэгтэй үйлчлүүлээд гарахдаа нийтдээ төлбөр нь 66 мянган төгрөг гарсан. Бид төлбөрийг авахаар эхлээд Хадгаламж банкны посоор уншуултал алдаа заагаад гарч ирэх ёстой билл нь гарч ирээгүй болохоор тухайн үед манайх ХХБ-ны посонд ахин уншуултал зүгээр гараад ирсэн. Харин тэр үед зочин өөрийнхөө картнаас хоёр удаа мөнгө гарсан тухайгаа хэлэхэд манай зохион байгуулагч авах ёстой арга хэмжээгээ авч бэлнээр буцааж өгсөн” гэсэн юм. Тэгээд банкнаас мөнгө гарсан тухай баримт бидэнд байгаа гээд үзүүлье гэв. Харин дараа нь Төрийн банкны картын төвөөс шалгаж өгөхийг хүстэл манайх Сүнжинграндаас хүсэлт ирэхээс бусад тохиолдолд шалгаж өгөх боломжгүй гээд, банк шилжих үеэр дээрхтэй төстэй гомдол ирсэн талаар асуутал хариулах боломжгүй гээд утсаа тасалчихав. Сонсох нь банк мөнгө залилсан хэрэг манайд гарч байжээ.
Гарах гарахдаа бүр ХААН банкны офицерын салбар дээр гарч байсныг сурвалжилж явсан зураглаач танилаасаа сонсдог байгаа. Улсын мөрдөн байцаах газар очтол манайхаас мэдээлэл өгөхгүй гээд Цагдаагийн ерөнхий газраас ав гэдэг юм байна. Тэгээд гахайнаас хялгас гуйдаг шоргоолжны үлгэр шиг Цагдаагийн ерөнхий газар очоод мөн л ганзага хоосон буцав. Уг нь мэдээллийн тухай хуулинд улсын нууцаас бусад мэдээллийг сэтгүүлчид өгөх ёстой гэдэг дээ. Эцэст нь гомдолын мөр гээд ШӨХТГ-аас асуугаад бага сага юм мэдэж авсан. Ер нь иргэдээс тус газарт иймэрхүү төрлийн гомдол ирдэг байна. Ялангуяа АТМ-ээс мөнгө авах болгонд суутгагддаг шимтгэлийн талаарх гомдол зонхилдог ажээ.
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагч өөрт нь яг ийм зүйл тохиолдож байсан талаар хэлээд тэр тохиолдолд аль алийг нь буруутгаж болохгүй эргээд хэд хоногийн дараагаар хэрэглэгчийн дансанд хасагдсан мөнгө ордог хэмээн зөвлөсөн юм. За яахав мэдсэн нь ингээд шийдэгддэг л байх. Харин энэ мэтээр мэдэгдэхгүй хичнээн төгрөг “мөнгө саагчид”-ын хар дансанд ордог бол доо гэх харуусалтай үлдэв.
Б.Энхчимэг


















