Ц.ЭЛБЭГДОРЖ: Хувь хүн хүчтэй байх ёстой
Манайд бодит бүтээгч хувийн сектор мөн хүчтэй байх хэрэгтэй байна. Өнөөдрийн хүртэл 5000 жилийн турш ганцхан хувийн сектор тогтвортой, амь зуулга тасалчихгүй шиг явж ирлээ. Энэ бол манай уламжлалт мал аж ахуй салбар юм. Тиймээс юу ч тохиолдож байсан ч амиа аваад гарч чаддаг бодит сектор юу юунаас нэ
Мэдээллийн алба

Сүүлийн өдрүүдэд “Том төрөөс ухаалаг төр лүү” гэх яриа бүхий л түвшинд хүчтэй идэвхтэйгээр яригдах боллоо. Энэ талаар хэвлэл мэдээллийн салбарынхан ч идэвхтэйгээр оролцон, энэхүү сэдвийн хойноос хөөцөлдөн бичиж байна. Тус сэдвийн зохиогч нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэрбээр энэ талаарх “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт Үндэсний Зөвлөлдөх Уулзалтыг өнгөрсөн сарын 16-нд Төрийн ордонд хийж, цаашид хийх гэж буй реформын шинжтэй ажлаа анх удаа танилцуулсан билээ.
Тус уулзалт халуун дотно, нээлттэй, нөхөрсөг, шүүмжлэл, асуудлаар дүүрэн уур амьсгал доор болж өндөрлөсөн юм. Ингээд Ерөнхийлөгчийн болоод бусад оролцогч нарын яриаг тоймлон хүргэж байна.

Ц.ЭЛБЭГДОРЖ (Монгол Улсын ерөнхийлөгч): Барилгын зургийг яам батлуулах хэрэггүй гэдгийг би байнга хэлдэг. Зургийг бизнесийн чиглэлийн компаниуд нь батлаг л дээ. Ямар нэгэн асуудал гарах юм бол тэрхүү зургийг нь баталж зөвшөөрөл өгсөн компани хариуцлагаа үүрдэг баймаар байна. Манайд сайд нь баталчихдаг учраас тэр нь хоёр жилийн дараа намаа дагаад алга болдог. Тэгээд л хариуцлага үүрэх хүн байдаггүй, олддоггүй. Төрийн хийж буй ажлын 80 хувь нь “бизнес” байдаг. Дарга нар яагаад баяжаад байдгийн учир нь төрд “бизнес” байдаг учраас баяжаад байгаа юм. Ер нь яам гэдэг бол судалгаа хийдэг байгууллага байх ёстой. Төрийн зарим ажил чиг үүргийг төрийн бус байгууллагуудад болон бизнесийнхэнд чиглэл чиглэлээр өгөхийг нь өгөх цаг нь болсон. Ингэж чадвал “Том төрөөс Ухаалаг төр лүү” ороход амархан болох гээд байна. Нийгмийн хуваарилалт, тогтолцоо, төрийн үйлчилгээ ч зөв болно. Тиймээс үүнтэй холбоотой 13 хуулийн төслийг ирэх цагаан сарын дараа УИХ-ын чуулган завсарлахаас өмнө бид амжиж өргөхөөр ажиллаж байна.
Сүүлийн үед татварынхан хувийн хэвшил рүү шалгалтаар их орж байгаа дуулдсан. Учир нь төсөв тасрах гээд байгаа тул татварынхан та нар луу гүйлдээд байгаа юм. “Но” олдвол “торгууль” тавина. Тэгж л төсвийг бүрдүүлэх гээд цаана чинь Н.Алтанхуяг чартайгаад байгаа юм. Гайгүй юм олдог гадаадын компаниудаа манайхан өөрсдөө хөөгөөд явуулчихсан болохоор баялаг бүтээгч нар маань тэрхүү золиосонд яваад орчихлоо. Ийм байж таарахгүй ээ. Тиймээс та нар маань надаар оролдохгүй л бол яахав гэсэн байдлаар асуудалд тус тусдаа өөрсдийнхөөрөө ханддаг. Энэ хандлага чинь өөрөө буруу байна.

БААБАР (Нийтлэлч): Ер нь бизнес эрхлэгч та нар минь арчаагүй байж болохгүй гэдгийг юун түрүүнд хэлмээр байна. Төрд улаан цайм байгаа “бууны нохой”-нуудыг зайлуулж болдоггүй юм уу...? Би үйлдвэрлэгч, би зөвхөн үйлдвэрлэлээ хариуцдаг. Би борлуулагч биш, борлуулдаг өөр олон сүлжээ дэлгүүр байдаг. Би тэдэнд 20 хувиа өгөөд баяртайгаар үйлчлүүлдэг. Тэр 20 хувиас хувь хүртэж, тэрбум тэрбумаар хуваадаг галзуу ноход байна. Тэдэнд тийм эрх байгаа юм уу. Ийм галзуу нохдын өөдөөс та нар яагаад дуугардаггүй юм. Дараа нь чиний ээлж ирнэ шүү дээ. Өнөөх галзуу нохой манай энүүгээр үзэгдэхгүй л бол болоо гэсэн шиг амь амиа боддогоо болимоор байна. Та нар нийлж байгаад “галзуу нохой”-ны тархийг хага цохиоч. Манай улс валютгүй болчихоод байна шүү та минь ээ, юу бодож байна. Тэр алтны лицензийг нь сэргээгээд алтны нөөцтэй ч, валюттай ч болмоор байна.
Ц.ЭЛБЭГДОРЖ (Монгол Улсын ерөнхийлөгч ): Өнөөдөр манай үндэсний баялаг бүтээгч нар маань 6 тэрбум ам.долларын баялгийг бүтээж байна, хөрөнгийг эргэлдүүлж байна. Тиймээс манай хэвлэл мэдээллийн байгууллагынхан өнөөдрөөс эхлэн улс төрчидтэй хаалтын гэрээ хийдгээ больчих, зогсоо. Тэгж чадвал танай сонины захиалга 1000 хувиар нэмэгдэнэ, сайтын тань хандалт ихэснэ. Популистуудтай хамтарч ажиллахаа болиод бизнесийнхэнтэй гэрээ байгуулаад ажиллаж эхлэх хэрэгтэй. Харин бизнесийнхэн популистуудад “авилга” өгөхөө больчих. Тэр мөнгөөрөө хэвлэлийнхэнтэй гэрээ байгуулаад хамтраад ажил, тэгээд л зөв болох гээд байна. Тэгээд ч манай “хэвлэлийнхэн популистуудыг дэмжихгүй, бүтээгч нарыг дэмжинэ” гэсэн уриа лоозонтой болсон, тиймүү. Үүнд бид алга таших ёстой гэж бодож байна /алга ташилт/.

Д.ГАНБААТАР (Макс группын ерөнхийлөгч ): Өнөөдөр би 1998 онд дуудлага худалдаагаар авсан өмчөө хураалгачихаад байж байна. Хотын даргын энэхүү буруу шийдвэрийг харин ч шүүх хэлэлцэн, нягталж үзээд “буруу шийдвэр байна” хэмээн манай талд шийдвэр гарсан. Монголд гадаадын компаниуд битгий хэл, үндэсний компаниуд тогтвортой ажиллахад маш хүнд хэцүү дарамттай байна. Бид өнөөдөр нэг эзэнтэй баймаар байна. Төр шийдвэр гаргасан л бол түүнийг нь хэрэгжүүлэхэд төр хүчтэй баймаар байна.
Ц.ЭЛБЭГДОРЖ (Монгол Улсын ерөнхийлөгч ): Миний яриад байгаа ухаалаг төрийн цаана аятайхан амьдрах бүхий л боломж бололцоо бизнесийнхэнд ч, хэвлэлийнхэнд ч бий шүү гэдгийг хэлмээр байна. Өмчийн эрхийн тухай хуулийн төслийг би хоёр жил яриад, зүтгүүлээд явсангүй. Энэ хуулийн заалтыг захиргааны хэргийн хууль, хүний эрхийн тухай хуулийн заалтанд өнгөцхөн оруулсан байна лээ. Энэ хууль бие даасан байдлаар гарахгүй бол өмчийн эрх бүрэн хангагдаж чадахгүй. Би өдөр болгон ганцхан зүйлийг баялаг бүтээгч нарыг янз бүрээр айлгаж, шалгадагаа боль, харин тэр төрийн нэрээр ажил албан тушаалд очсон 243 даргыг шалга гэж хэлдэг. Түүнчлэн эрүүгийн шинэчилсэн хуулиар авилга өгсөн нь биш авилга авсан нь шийдэгдэхээр заалт орж байгаа шүү.

Д.СОСОРБАРАМ (Төрийн соёрхолт, МУГЖ ): Хүнийг зүгээр байхад гар хараад сурчихсан тэр луйварчдыг төрөөс хөөгөөд явуул. Энд сууж байгаа бизнесмэнүүд та нарт би ганцхан зүйл хэлье. Та нар “авилгал” өгөхөө больчих, сэтгүүлчид нь хов жив бичихээ больчих. Тэгж гэмээнэ Том төрөөс, Ухаалаг төр рүү шилжиж байгаа бодит үйл хэргийн нэг нь энэ болох юм. Үг нь үйлдэл, үйлдэл нь үйл хэрэг болох хэрэгтэй. Сэтгүүлчид хов битгий хөөцөлд, тэр тусмаа улс төрчдөд бүү худалдагд. Гуйх юм энэ л байна. Энэ УИХ-ын гишүүдэд бүгдэд нь “но” байгаа. Эр хүн нь эр хүн шиг бай, эм нь эм хүн шиг бай. Харин тэр улс төрийн намууд нэг байшинд оруулахыг би дэмжиж байгаа шүү. Авилгал авсан улсуудыг заавал шоронд оруулах албаггүй. Тархи, толгойгийн нь заавал хага цохих албаггүй. Тэд зүгээр л авснаа буцаагаад л өгчих. Энэ урд байгаа хүүхдийн соёл амралтын хүрээлэнгийн газрыг булааж авсан баахан хэрэгтэй хэрэггүй зочид буудал барьчихсан хүмүүс байна. Энэ чинь маш ноцтой гэмт хэрэг шүү дээ. Уг нь тэр газар зочид буудал биш бүхэлдээ “Уолт Дисней” хотхон байх ёстой байсан газар юм. Үүнийг шалгаж хариуцлага тооцох л хэрэгтэй. Ер нь энэ бүхэнд гээндээ нь ч бий, гоондоо нь ч бий хонгоруудаа...
Ц.ЭЛБЭГДОРЖ (Монгол Улсын ерөнхийлөгч ): Ер нь хэн ч явах замаа болон технологио сайн мэдэж байгаа бол бэрхшээлийг гэтлэх гарц заавал байдаг. Ухаалаг төр бол хаашаагаа явж байгаагаа сайн мэддэг байхыг л хүсдэг. Өөрөөр хэлбэл хувь хүн ч, гэр бүл ч, хамт олон ч хүчтэй байх ёстой.
Манайд бодит бүтээгч хувийн сектор мөн хүчтэй байх хэрэгтэй байна. Өнөөдрийн хүртэл 5000 жилийн турш ганцхан хувийн сектор тогтвортой, амь зуулга тасалчихгүй шиг явж ирлээ. Энэ бол манай уламжлалт мал аж ахуй салбар юм. Тиймээс юу ч тохиолдож байсан ч амиа аваад гарч чаддаг бодит сектор юу юунаас нэн чухал байна.

Бид олон удаа ярьлаа. Одоо бидэнд шийдвэр хэрэгтэй байна, ажил хийх хэрэгтэй байна. Та бүгд өнөөдрөөс эхлэн шинэ жилд автахгүйгээр ажлаа хиймээр байна.
Би “Чингис Бонд”-ын мөнгө бослоо гэдгийг сонсоод, хоёр хоногийн дараа ҮАБЗ-ийг зарлан хуралдуулж “Чингис Бонд”-той холбоотой эрхзүйн зохицуулалт хуулийг даруйхан гарга гэсэн зөвлөмжийг өгсөн. Гэтэл өнөөдрийн хүртэл нэг жилийн хугацаанд энэхүү зөвлөмж маань ажил болоогүй царцжээ. “Чингис Бонд”-той холбоотой эрхзүйн зохицуулалт байхгүй учраас өнөөдрийн хүртэл “Чингис Бонд”-ийг хяналтгүй, дураараа зарцуулж байна. Би дээр хэлсэн УИХ-ыг завсарлахаас өмнө реформийн шинжтэй 13 хуулийг өргөн барина гэж. Эдгээр хуулиудад Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн төсөл, Шилэн дансны тухай хуулийн төсөл зэрэг нэн амин чухал хуулиуд багтсан байгаа. Бидний өргөн барих гэж буй хуулийн төслүүд нь бүхэлдээ ухаалаг төр лүү чиглэгдсэн түүний суурь болохуйц хуулийн төслүүд байгаа юм.




















