Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Эрдэнтуяа: "Яруумаагийн 1000 бойтог" аяныг 3 дахь жилдээ зохион байгуулж байна

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Яруумаагийн 1000 бойтог” аяныг санаачлагч “Яруумаа” салоны захирал Ц.Эрдэнэтуяатай ярилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 6 минут
Ц.Эрдэнтуяа: "Яруумаагийн 1000 бойтог" аяныг 3 дахь жилдээ зохион байгуулж байна
Ц.Эрдэнтуяа: "Яруумаагийн 1000 бойтог" аяныг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Яруумаагийн 1000 бойтог” аяныг санаачлагч “Яруумаа” салоны захирал Ц.Эрдэнэтуяатай ярилцлаа.

-Жил бүр зохион байгуулдаг “1000 бойтог” сайн үйлсийн аян удахгүй болох гэж байна. Аяны талаар мэдээлэл өгөхгүй юу?

- “Яруумаагийн 1000 бойтог” аяныг бид гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Аяны үйл ажиллагаа энэ сарын 30-нд болно. Энэ аяны хүрээнд тус дэм хэрэгтэй 1000 бяцхан хүүхдэд эсгий бойтог бэлэглэх юм.

-Нярай хүүхдүүдийн бяцхан хөлийг дулаан байлгана гэдэг их буян шүү дээ. Яагаад заавал хүүхдүүд рүү чиглэсэн сайн үйлсийн аян зохион байгуулахаар болсон юм бэ?

-2014 оны сар шинийн баярын өмнөхөн нөхөр бид хоёр хорооны нийгмийн ажилтнуудтай уулзаж амьдралын түвшин доогуур, сар шинийн баяр тэмдэглэх боломжгүй өрхийг сонгон авч тусалсан юм. Мөн хүүхдийн асрамжийн төвүүдэд очиж өөрсдийн чадах хэмжээнд хүмүүст тусалдаг байсан юм. Хүнд тусалж, сайн үйлс хийх ажлаа зогсоохыг хүсээгүй л дээ. Тиймээс би жирэмсний амралттай байх хугацаандаа интернэтээр хүүхдийн бойтог борлуулж, олсон орлогоороо хүүхдүүдэд бойтог бэлэглэх болсон. Гэхдээ 1000 бойтог авах мөнгийг ганцаараа бүрдүүлнэ гэдэг мэдээж хүндрэлтэй. Эхний жил маш бага тооны бойтог бэлэглэсэн. Хамгийн гол нь хүүхдүүдэд тусалж байгаа маань маш сайхан санагдаж байсан. Харин өнгөрсөн жил бид олны тус дэмээр 1000 нярайд дулаан эсгий бойтог бэлэглэж чадсан. Энэ жил мөн 1000 бойтог бэлэглэхээр зорьж байна. Ингэж “Яруумаагийн 1000 бойтог” аян эхэлсэн юм.

-Яагаад заавал бойтог бэлэглэж байгаа юм бэ. Магадгүй мөнгийг нь өгсөн нь дээр гэж боддог хүмүүс байгаа байх?

-Анх Нисэхийн орчимд амьдардаг нэгэн эгчид цагаан сараа сайхан тэмдэглээрэй гээд хэрэглээний мөнгө өгсөн юм. Яг тэр үед хүүхэд нь гээд нэг залуу хамт ирсэн байсан л даа. Нилээд архи үнэртүүлчихсэн. Хэдийгээр тэр эгчид мөнгө өгөхөд баярлаж байсан ч тэр мөнгө цагаан сарын баярт зарцуулагдаагүй байх гэж бодож байсан. Тэгэхээр бэлэн мөнгө өгөх нь өрөөсгөл юм байна гэж бодсон юм. Ингээд нөхөр бид хоёр хүүхэд баярлуулъя гэж шийдээд бэлэг боогоод хүүхдийн асрамжийн төвд очиж өгсөн юм. Бэлэг аваад хүүхдүүд баярлаж байсан ч тэдэнд юу үлдэх вэ, хоосон чихрийн цаас л үлдэнэ. Тийм болохоор хүнд хэрэгтэй зүйлээр нь л туслах ёстой юм байна гэж бодсон доо.

-Бойтгоо өөрсдөө хийдэг үү?

-Хүүхдүүдэд бэлэглэдэг бойтгийг би өөрөө хийдэггүй. Эрдэнэт хотод оршин суудаг Л.Баттогтох гуай гэргий Ц.Дэжидмаагийн хамт урлаж өгдөг. Одоо тэтгэвэрийн насны хөгшчүүл бий. Өөрөөр хэлбэл Л.Баттогтох гуайн өрхийн бичил бизнесийг дэмжиж ажилладаг гэсэн үг л дээ.

БИДЭНТЭЙ НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

-1000 бойтог гэхээр чамгүй хөрөнгө зарцуулдаг байх. Санхүүгээ хэрхэн бүрдүүлдэг вэ?

-Нэг бойтогноос 2000 төгрөгийн ашиг олдог. Нэг жилд зарагдсан бойтогны ашгаа нийлүүлээд дараа жилийн аяны төсвөө бий болгохыг хичээдэг ч төдийлөн санаснаар болохгүй юм. Тиймээс би Төрийн бус байгууллагаасаа гадна гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан салон нээж, олсон орлогоороо сайн үйлсийн аянаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Гэвч үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байгаа учир бидний олсон ашиг, хураасан мөнгө маань энэ жилийн аяныг явуулахад хүрэлцэхгүй байгаа учир тус дэм хэрэгтэй байгаа бяцхан хүүхдүүд болон ээжүүдэд сайхан сэтгэлээр туслах чин хүсэлтэй, хүмүүсийг хамтран ажиллахыг уриалж байна. Бид бэлэн мөнгө авахгүй. Та хүүхдүүдэд зориулан зөвхөн бойтог хандивлан 1000 бойтог бүрдүүлж, хамтдаа бяцхан үрсэд бойтог бэлэглэх сайхан ажилд оролцохыг уриалж байна.

Манай аяныг дэмжиж хамтран ажиллахыг хүсвэл 80140610, 98916666 дугаарын утсаар холбогдоорой. Мөн таны ойр орчимд туслалцаа хэрэгтэй байгаа нярай хүүхэдтэй айл байдаг бол бидэнд хандаарай.

-Аянд нэгдэж хамтран ажилладаг хувь хүн, албан байгууллагууд бий юу?

-Одоогоор 10 орчим залуус нэгдсэн байгаа.

ТОГТСОН ҮНЭ, ХАНШИНД БАРИГДАХГҮЙГЭЭР УЯН ХАТАН НӨХЦЛӨӨР ТАНД ҮЙЛЧИЛНЭ

-Гэр бүлийн бүх гишүүдэд үйлчилдэг салон тэр бүр байдаггүй. Харин “Яруумаа” салон гэр бүлийн гэдгээрээ нэлээд онцлог давуу талтай юм байна. Салоныхоо үйл ажиллагааны талаар товч танилцуулахгүй юу?

-Бага насны хүүхдээ хардаг ээжүүд тэднийгээ асарсаар шөнөдөө ч бүтэн нойртой хонодоггүй. Мөн гэрийн ажил гэж дуусдаггүй, “тушаал” дэвшдэггүй их ажил бий. Эдгээрээс шалтгаалан өөртөө болон найз нөхөдтэйгөө уулзах цаг зав гардаггүй. Дээрх бүгдэд их стресстэж, ядардаг шүү дээ. Ингээд өөртөө цаг гаргаж сайхан массаж хийлгээд гоо сайханд орох гэхээр хүүхэд харах хүнгүй болчихдог. Хүн гуйгаад харуулахаар удалгүй хүүхэд нь уйлаад, гэрээс нь дуудуулдаг учраас ээжүүд маань ардаа санаа нь зовж, тайван алжаалаа тайлж чаддаггүй шүү дээ. Тэгвэл манай салонд ээжүүд маань бяцхан үрстэйгээ ирээд санаа зовох зүйлгүй, ажлаалаа тайлж, гоо сайханд орж, массаж, бариа, шарлага хийлгэнгээ хүүхдээ ясны шөл, хар цайнд оруулж, массаж хийлгэх боломжтой. Манай салон анх эх хүүхдийн салон байсан. Гэтэл аавууд маань “гомдол” мэдүүлэх болсон тул гэр бүлийн салон болгон үйлчилгээний төрлөө нэмэгдүүлж, аавуудынхаа алжаал ядаргааг тайлах цогц үйлчилгээг нэвтрүүлээд байгаа.

-“Яруумаа” салон үйлчлүүлэгчдээ хэрхэн баярлуудаг вэ?

-Бид нилээд судалгаа хийсний үндсэн дээр үйлчилгээнийхээ үнийг хамгийн хямдаар тогтоосон. Мөн бүрэн үйлчилгээ авахыг хүссэн ч бололцоо тааруу байгаа ээжүүдийнхээ боломжинд нь тааруулаад хөнгөлөлт үзүүлдэг.

Ер нь жирэмсэн болон төрсний дараах амралттай байгаа ээжүүд санхүүгийн хувьд бусдаас хараат, сэтгэл зүйн хувьд хүндрэлтэй байдаг. Тиймээс та бүхэн бололцоо тааруу байгаа ч хамаагүй хүүхэдтэйгээ хамт биднийг зориод ирээрэй гэж хэлмээр байна. Учир нь бид заавал тогтсон үнэ, ханшинд баригдахгүйгээр уян хатан нөхцлөөр танд үйлчлэх болно. Ээжүүд маань бидэнтэй фэйсбүүкийн “Yaruumaa's Eh huuhed ger buliin salon” пейж хуудсаар холбогдож болно.

Түүнчлэн манай салон фэйсбүүк дэх ээжүүдийн группуудтэй хамтран ажилладаг бөгөөд сардаа 1-2 удаа манай салоны цогц үйлчилгээг авах эрхийг олгодог.

-Органик бүтээгдэхүүн гаргаж байгаа гэсэн. Ямар ямар бүтээгдэхүүн бүтээж байна вэ?

-Бид эмчилгээний саван, хумс арчилгааны бүтээгдэхүүн, рахиттай болон тархины даралттай хүүхдэд зориулсан органик дэр зохион бүтээлээ. Бүтээгдэхүүндээ зөвшөөрөл авахаар шинжилгээнд өгсөн. Одоогоор шинжилгээний явц эцсийн шатандаа явж байгаа. Бүтээгдэхүүнүүд худалдаанд гараад эхлэхээр эндээс олсон орлого мөн сайн үйлсийн аянд зориулагдах болно.

-Та яагаад ингэж бусдад туслахыг эрхэм болгож явдаг юм бэ?

- Манай ээж аав хоёр маш өглөгч хүмүүс. Харин би багадаа тийм ч өглөгч, тусархуу хүүхэд байгаагүй. Гэсэн ч ээж аавынхаа энэ зан чанарыг дуурайсан юмуу зургаан жилийн өмнөөс бусдад туслахыг хүсэх болсон. Нэг хүнийг баярлуулахад өөр бусад байдлаар баярлаж, сэтгэл ханамж авдгаас хэд дахин илүүтэйгээр баярлаж, сайхан байдаг. Үүнд урамшиж явсаар өнөөдөр бололцоо боломжийнхоо хэрээр бусдад туслахыг хичээж явна.

-Танд баярлалаа. Бяцхан хүүхдийг баярлуулах сайн үйлсэд тань өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

Хуваалцах