“Цагаан тахал-Улаан гэрэл” зорилтот төсөл хэрэгжиж эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Цагаан тахал-Улаан гэрэл” зорилтот төслийг МҮОНТ, "News" агентлаг, "Зууны мэдээ" сонин, "Eagle" телевиз, "Монголын медиа" корпорацын эмэгтэй удирдлагууд санаачлан эхлүүллээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Цагаан тахал-Улаан гэрэл” зорилтот төслийг МҮОНТ, "News" агентлаг, "Зууны мэдээ" сонин, "Eagle" телевиз, "Монголын медиа" корпорацын эмэгтэй удирдлагууд санаачлан эхлүүллээ.
Өнөөдөр МҮОНРТ-ийн "Цагаан лавай" студид тус төслийн ажлын хэсгийн уулзалт, ярилцлага боллоо. Уулзалтад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга Цагдаагийн дэд хурандаа Б.Ариунжаргал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц болон хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Уулзалтын үеэр "Хар тамхи, түүний хор хөнөөлийн цаана ихэнхдээ эмэгтэйчүүд сэтгэл санаа, бие махбодийн зүгээс хохирдог. Тиймээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын эмэгтэй удирдлагууд хар тамхины асуудлыг сонгон авч төслийн хүрээнд тууштай ажиллана" гэж МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц өнөөдөр болсон ажлын хэсгийн уулзалтын үеэр онцолж байлаа.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга Цагдаагийн дэд хурандаа Б.Ариунжаргал:
Манай хөрш орнууд хар тамхитай холбоотой хэрэгт цаазын ял оноохоос эхлээд өндөр ялын бодлоготой. Харин бидний хувьд энэ төрлийн бодлого маш сул байна. Тиймээс залуучууд хар тамхи худалдан борлуулах, хэрэглэх тээвэрлэх зэргээс айхгүй байна. Өөрөөр хэлбэл манай улсыг транзит бүс болгон шууд нислэгээр ирдэг нь ялын бодлоготой шууд холбоотой.
Мөн Хятад болон ОХУ-ын иргэд манай улсад визгүй чөлөөтэй зорчиж байна. Үнэндээ Ховд орохоос илүүтэй Бээжин ороод ирэх нь хялбар болсон энэ үед зорчих хөдөлгөөнд тавих хяналт чухал. Түүнчлэн орон нутагт мансууруулах үйлчилгээ бүхий ургамлууд зэрлэг байдлаар ямар ч хяналтгүй ургаж байна. Энэ бүхэн мансуурч донтох хар тамхи хэрэглэх эмгэг нэмэгдэхэд голлон нөлөөлж байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл:

Мансуурч донтох байдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Өнөөдөр дэлхий дахинд мансуурч донтох төрлийн бодис сүүлийн 15 жилд 3 дахин нэмэгдсэн. Хэрэглэгчийн хувьд дэлхийд 15-64 насны 250 сая иргэн байдаг бол 29 сая хүн хар тамхи тогтмол хэрэглэдэг. Харин 12 сая хүн мансууруулах бодисыг зөвхөн судсаар хийж хэрэглэдэг байна. Манай улсын хувьд ЕБС-ын 9-10-р ангийн 1000 сурагчдын дунд 2015 онд хийсэн судалгаагаар 9 хувь мансууруулах бодис хэрэглэсэн хэмээн хариулсан байдаг. Хэрэглэгч нарын дунд хийсэн судалгаанд 66 хувь нь 1 төрлийн үлдсэн 34 хувь нь 2-8 төрлийн бодис ууж үнэрлэж тарьж хэрэглэдэг гэсэн байна.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд:

Хар тамхи зөөвөрлөх гэмт хэрэгт холбогдсон иргэдийн хувьд ихэнхдээ энэ талийн мэдээлэл дутмаг байдаг Бодит амьдрал дээрээс харж байхад ихэнхдээ гэнэн цайлган байдлаасаа болж алдах тохиолдол их. Тухайлбал олон улсын нисэх буудал дээр жижигхэн зүйл дайя гэх гуйлт их байдаг. Ганцхан жишээ дурдахад "манай охин тосоод авна" гээд гар утас өгөөд явуулсан байдаг. Гэтэл тухайн утасны батерейг хар тамхиар орлуулсан байх жишээтэй. Энэ мэтчилэн санаандгүй байдлаар хар тамхины тээвэрлэгч болж өөрөө хохирдог.
Иймд иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Өнгөрсөн онд Монгол Улсын гаалийн байгууллага есөн удаагийн үйлдлээр 12 давтамжаар нийт 300 грамм хар тамхи мансууруулах бодисыг илрүүлсэн байна. Хятад улсад 2008 онд манай улсын иргэн хамгийн анх хар тамхи зөөсөн хэргээр баривчлагдаж байсан бол өдгөө энэ тоо хэд дахин нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар хилийн чанадад Монгол Улсын 38 иргэн хар тамхитай холбоотой асуудлаар ял эдэлж байна. Үүний 37 нь БНХАУ-д, нэг нь Словак улсад ял эдэлж байна.
Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавихтай холбоотой хууль, дүрэм, журам хөтөлбөр Олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааг нэгтгэж идэвхжүүлэхэд чиглэгдсэн төсөл үйл ажиллагаагаа ийнхүү эхэлж байна.


















