Цагдаагийн албаны тухай хуулийн төсөлд галт зэвсгийг гарцаагүй нөхцөлд бүрэн хяналттай хэрэглэхээр тусгажээ
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан юм.
Мэдээллийн алба

УИХ-аас 2013 онд Цагдаагийн албаны тухай хуулийг баталж байсан. Уг хуулийг дагаж мөрдөх явцад практикт тулгарсан хүндрэл бэрхшээлийг арилгах, бодлогын өөрчлөлтийн улмаас зарим зохицуулалтыг өөрчлөн найруулах зэрэг хэд хэдэн шалтгааны улмаар ийнхүү хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан юм.
Шинэчилсэн хуулийн төсөлд Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг тусгай хуулиар зохицуулах бодлогод зарчмын өөрчлөлт гарсан тул цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой зохицуулалт, цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг хуулиар шууд зохицуулсан нь бодлогын өөрчлөлттэй уялдуулан шуурхай, үр дүнтэй, уян хатан зохион байгуулах боломжийг хязгаарлаж байгаа тул уг бүтцийг ерөнхийлөн тусгажээ.
Түүнчлэн цагдаагийн байгууллага нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хүний эрхийг хязгаарласан ажиллагаа явуулдаг хэдий ч үүнийг зөвхөн байгууллагын хүрээний журмаар зохицуулж ирснийг өөрчлөхөөр тусгасан байна. Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журмыг НҮБ-ын хүний эрхийн стандартад заасны дагуу гарцаагүй нөхцөлд эцсийн арга болгон тохирсон хэм хэмжээнд бүрэн хяналттай хэрэгжүүлэхээр шинэчилсэн зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгасан талаар салбарын сайд танилцуулсан юм.


















