Цахилгааны хэрэглээ хоногт дунджаар 1 сая кВт цаг орчим нэмэгджээ
Өнгөрсөн сарын 28-ны өдөр төвийн бүсийн цахилгаан хэрэглэгчдийн хувьд оргил ачаалал авч 1059 МВт-т хүрсэн байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн сарын 28-ны өдөр төвийн бүсийн цахилгаан хэрэглэгчдийн хувьд оргил ачаалал авч 1059 МВт-т хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн их ачааллаас 54 МВт-р өссөн үзүүлэлт юм байна.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч байгаатай холбоотойгоор цахилгаан дулааны хэрэглээ өсч, оргил ачааллын горимд шилжээд байгаа талаар Эрчим хүчний яамны шуурхай зөвлөгөөний үеэр Диспитчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал н.Балжинням танилцууллаа.
Тухайлбал, цахилгааны хэрэглээ хоногт дунджаар 1 сая кВт цаг орчим нэмэгдээд байна. Гадаа агаарын хэм хүйтэрсэнтэй холбоотойгоор дулааны температурыг нэмэгдүүлж, өвлийн горим ажиллагааны схемд бүрэн шилжин ажиллаж байгааг мэдээллээ.
Улаанбаатар дулаан хангамжийн систем нь 14 магистраль шугамаар дамжуулан, 4 эх үүсвэрээс, даралт өгөх 5 насос станцаар дамжуулан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж байгаа юм.
Өчигдрийн байдлаар л гэхэд Улаанбаатар хотод гадна агаарын температур шөнөдөө -24, Дархан хотод -22, Эрдэнэт хотод -24 хэм хүртэл хүйтэрсэн учраас сүлжээний усны халууны температурыг нэмэх горимоор төлөвлөж, хяналт тавин ажиллажээ.
Цаашид ойрын өдрүүдэд -30,-32 хэм хүртэл хүйтрэхийг цаг уурын байгууллагаас мэдээлсэн учраас сүлжээний халуун усны температурыг батлагдсан графикийн дагуу өгч хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангахаар ажиллаж байгааг мэдээлэв.


















