"Цахим сэтгүүл зүйн II форум" үргэлжилж байна
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Монголын Сайтын Холбоо,
Мэдээллийн алба

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Монголын Сайтын Холбоо, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо, Тэргүүлэгч сайтуудын холбоо зэрэг байгууллагууд хамтран өнөөдөр "Цахим сэтгүүл зүйн II форум”-ыг зохион байгуулж байна. Форумын үйл ажиллагааг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэллээ.
Тус форумд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адъяасүрэн болон цахим сэтгүүл зүйн салбарын тэргүүлэгч холбоодын удирдлагууд оролцов.

Мөн цахим сэтгүүл зүйн салбарын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцож, цахим сэтгүүл зүйн салбарын цаг үеийн болон тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцлоо.
Форумын үеэр Gogo.mn сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэг “Цахим орчин дахь мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжил, тулгамдсан асуудал”, МПХҮХ-ны Тэргүүн Ц.Чулуунзагд “Дижитал Шилжилт”, ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Ариунцэцэг "Нийгмийн сүлжээн дэх зохистой хэрэглээг бий болгоход..." илтгэл тавилаа.
Форумын үйл ажиллагаа “Нийгмийн сүлжээн дэх зохистой хэрэглээг бий болгох нь”, “Цахим орчин дахь зохиогчийн эрхийн асуудал” зэрэг олон сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудаас тавих илтгэл, хэлэлцүүлгээр үргэлжлэх юм.


















