“Цахиур – 2019” уралдааны бүтээлийг ирэх сарын 13-н хүртэл хүлээн авна
ХБНГУ-ын Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэн, МҮОНРТ-ээс хамтран зохион байгуулдаг “Цахиур – 2019” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан гурав дахь жилдээ зарлагдсан.
Мэдээллийн алба

ХБНГУ-ын Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэн, МҮОНРТ-ээс хамтран зохион байгуулдаг “Цахиур – 2019” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан гурав дахь жилдээ зарлагдсан. Тус уралдааны бүтээлийг ирэх есдүгээр сарын 13-н хүртэл хүлээн авна.
Эрхэм уншигч та бүхэнд “Цахиур – 2019” уралдааны удирдамжийг хүргэж байна.
Уралдаанд хэрхэн оролцох вэ:
Оролцохыг хүссэн хүмүүс дараах холбоосоор өргөдлийн маягт материалыг бүтээлийн хамт шалгаруулах комисст илгээнэ: http://bit.do/eWbU3
Мөн дараах материалыг бүрдүүлж илгээнэ:
- Оролцогчийн товч танилцуулга
- Хэвлэмэл бүтээлийн хувьд: нийтлэгдсэн бүтээлийн PDF файл (нэг файл байх)
- Радио, телевизийн бүтээл: Албан ёсоор цацагдсан бүтээлийн MP3 файл, зохиолын хамт. Видео бүтээлийг WeTransfer апп ашиглан pim@pressinst.org.mn хаягаар илгээх, эс бөгөөс YouTube, Video зэрэгт нийтэлж холбоосыг ирүүлнэ
- Онлайн бүтээл: Нийтлэгдсэн бүтээлийн холбоос болон PDF файл
- Тухайн бүтээлийг бэлтгэх, баримтжуулах, нягтлан шалгахын тулд өөрийн тань болон багийн гүйцэтгэсэн судалгааны ажлын тайлан: асуудлыг хэрхэн судалсан, ямар арга хэрэгсэл ашигласан , (б) эрэн сурвалжилхад учирсан саад бэрхшээл
- Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлийн холбоосоор дор хаяж 2019 оны 9 дүгээр сарын 30 хүртэл нэвтрэх боломжтой байх ёстой
Уралдааны зорилго:
- Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжилд хувь нэмэр оруулах, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг зоригжуулан урамшуулах
- Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чанар, мэргэжлийн хэм хэмжээг дээшлүүлэх
- Олон нийтийн эрх ашгийг дээдлэх, хариуцлага хүлээх зарчмыг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүл зүйн үнэт зүйл, ёс зүйг дэмжин сурталчлах
- Сэтгүүлчдийн ур чадварыг хөгжүүлэх, шилдэг бүтээлийг түгээн дэлгэрүүлэх
Бүтээлд тавих шаардлага, шалгуур:
- Хөндсөн сэдэв, асуудал нь чухал бөгөөд шинэ /нийгэмд өөрчлөлт, эерэг үр нөлөө авчрахуйц сонирхолтой таамаглал дэвшүүлсэн/
- Асуудлыг цогц байдлаар судалсан /тодорхой түүх өгүүлсэн асуудал, үүний зөрчил, шийдэл, гарцын хамаарал, зүй тогтлыг нээсэн/
- Бүтээлийн төрөл: Эрэн сурвалжилсан өгүүлэл ба эрэн сурвалжилсан дата сэтгүүл зүйн өгүүлэл
- Мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй, хуулийн хүрээнд ажилласан
- Хэл, найруулгын шаардлага хангасан
Уралдаанд оролцох болзол, шалгуур:
- Монголд албан ёсоор бүртгэгдсэн буюу тогтмол үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид бие дааж болон баг, редакцийн бүрэлдэхүүнээр оролцох боломжтой
- Уралдаанд ирүүлэх бүтээлийг нэг жилийн хугацаанд буюу 2018 оны есдүгээр сарын 13-наас 2019 оны есдүгээр сарын 13 хүртэлх хугацаанд нийтэлж, нэвтрүүлсэн байна
- Тогтмол үйл ажиллагаа явуулж буй радио, телевиз, хэвлэмэл болон цахим хэрэгсэлд нийтлэгдсэн байх (хувийн блог болон нийгмийн мэдээллийн сүлжээнд нийтлэгдсэн бүтээлийг уралдаанд хамруулахгүй)
- Өөр хоорондоо уялдаа хамаарал бүхий цуврал бүтээл байж болно.
- Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны есдүгээр сарын 13-ны баасан гараг, 23.59 цаг (Улаанбаатарын цагаар)
Шүүх үйл явц:
Сэтгүүлч, сэтгүүл зүйн багш , хэвлэл мэдээллийн 3-5 мэргэжилтнээс бүрдсэн шүүгчдийн баг дээр дурдсан шаардлага шалгууруудын дагуу бүтээлүүдийг шүүнэ.
Шилдэг бүтээлийн эздийг тодруулж шагнал гардуулах ёслолыг 2019 оны 9 дүгээр сарын 20-нд зохион байгуулна.
Тодруулга, лавлагаа авахыг хүсвэл pim@pressinst.org.mn хаягаар болон 70113476, 99082702, 97070709 зэрэг утсаар холбоо барина уу.


















