Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшдэг болно

Учир нь залууст цэрэгт алба хааж байх хугацаандаа сургалтад хамрагдаж, мэргэжил эзэмших боломжийг олгохоор өнөөдөр Хөдөлмөрийн яам болон Батлан хамгаалах яам хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Цэргийн алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшдэг болно
Цэргийн алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшдэг болно. Зураг: МҮОНРТ

Эцэг, эхчүүд хүүгээ цэрэгт явуулахад сурч боловсрох, мэргэжил эзэмших цаг хугацаагаа алдана хэмээн санаа зовох хэрэггүй боллоо. Учир нь залууст цэрэгт алба хааж байх хугацаандаа сургалтад хамрагдаж, мэргэжил эзэмших боломжийг олгохоор өнөөдөр Хөдөлмөрийн яам болон Батлан хамгаалах яам хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ийнхүү хоёр тал хамтран ажилласнаар хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэхээс гадна гэрээт цэрэг, түүнчлэн цэргийн албанд олон жил ажилласан офицер, ахлагч нар чөлөөнд гарсны дараа ажил олоход хүндрэлтэй байгаа цэргийн алба хаагчдыг ажлын байраар хангах, нийгмийн хамгааллын бодлого, үйлчилгээг хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг оновчтой шийдвэрлэх гарцыг нээж өгч байгаагаараа давуу талтай юм.

Түүнчлэн уг санамж бичигт цэргийн алба хаагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, мэргэжил сурталчлах, чадварлаг боловсон хүчин болгоход чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхийн хамт цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтын ажилд оролцуулахад харилцан дэмжлэг үзүүлэх тухай заалт ч оржээ.

Мөн цэргийн алба хаагчдын мэргэжил, ажлын дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх, цэргийн болон иргэний хос мэргэжил эзэмших, “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлэх, Барилгын цэргийн ангийг түшиглэн сургалтын дадлагын газрыг байгуулж, цэргийн алба хаагчдад барилгын салбарын мэргэжил эзэмшүүлэхэд хамтран ажиллах боломж ч бүрдэж буй юм. Үүний тулд цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх чиглэлийг тогтоож, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх, багш бэлтгэх, чадваржуулахад хамтрах шаардлага тулгарч буй аж.

Санамж бичигт тусгасан өөр нэг чухал заалт нь автомашины засварчин, мэргэшсэн жолоочийн чиглэлээр цэргийн алба хаагчдыг сургаж, зэвсэгт хүчний анги, салбарт жолооны сургалтын үйл ажиллагаа явуулахад хоёр тал хамтрахаар болж байна. Гэхдээ уг санамж бичиг зөвхөн хугацаат цэргийн алба хаагчдад хамаатай биш. Гэрээт цэрэг, түүнчлэн цэргийн албанд олон жил ажилласан офицер, ахлагч нарыг чөлөөнд гарахаас өмнө давхар мэргэжил эзэмшүүлж тэднийг бусад салбарт хөрвөн ажиллах боломжийг бий болгох, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрт хамруулахад дэмжиж ажиллах юм байна.

Хуваалцах