Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн тэнхимийн тоо дахин нэмэгдлээ

Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтыг хэрэгжүүлэхээр хэд, хэдэн ажил зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Цэргийн тэнхимийн тоо дахин нэмэгдлээ
Цэргийн тэнхимийн тоо дахин нэмэгдлээ. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтыг хэрэгжүүлэхээр хэд, хэдэн ажил зохион байгуулж байна. Үүний нэг нь их, дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнуудад цэрэг-эх оронч үзэл, сэтгэл зүй, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгох зорилго бүхий цэргийн бэлтгэл сургалт явуулах "Цэргийн тэнхим"-ийг байгуулах тухай юм. Үүний эхлэл өнгөрсөн жил Үндэсний дээд сургуульд тавигдсан бол энэ жил "Их засаг" сургуулийн удирдлагууд "Цэргийн тэнхим" байгуулах шийдвэр гаргаснаа УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд танилцууллаа.

"Их засаг" сургуулийн ректор, Монгол Улсын гавъяат багш, доктор профессор Н.Ням-Осор "Юуны өмнө урилгыг маань хүлээн авч оюутан залуучуудтай маань уулзаж байгаа Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон танд баярлалаа. Би өөрөө гурван жилийн хал цэрэг. Юугаа ч мэдэхгүй 18 настай залуу цэрэгт очоод 21 настайдаа бие бялдар төлөвшсөн сайхан эр хүн болоод ирж билээ. Халагдаж ирсэн жилдээ сумын клубын эрхлэгч болж байсан. Цэргийн алба бол эрдмийн алба гэдэгтэй би 100 хувь санал нийлнэ. Ийм ч утгаараа оюутан залуучуудаа "Оюутан цэрэг" хөтөлбөрт идэвхтэй хамруулж ирсэн. 2014 онд 30 гаруй, 2015 онд 50 гаруй оюутан энэ хөтөлбөрт хамрагдсан бол энэ жил 70 орчим оюутан албаны шалгуурт тэнцээд цэргийн эрдмийн хичээлд шамдан суралцаж байна. Нөгөө талаас манай сургууль өөрөө цэргийн орчинд байрлажээ. Хүнд орчин нөхцөл үнэхээр нөлөөлдөг юм байна. Эх орныхоо төлөө, аюулгүй байдал, амар тайван амьдралын төлөө зүтгэдэг цэрэг, цагдаагийн алба хаагчдыг харсаар байгаад хүндлэхийн аргагүй болсон байна. Манай сургуулийн хажууд Зэвсэгт хүчний анги, ХХЕГ, цагдаагийн салбарууд гээд хүчний байгууллагууд ихтэй" гээд "Цэргийн тэнхим"-ээ тохижуулах, техник технологи нийлүүлэхэд сургуулийн удирдлагын төвшинд бүх талаар дэмжиж ажиллана" гэсэн юм.

"Их засаг" их сургуулийн "Цэргийн тэнхим"-ийн Эрхлэгчээр хошууч генерал, доктор, профессор Н.Жалбажав ажиллах бөгөөд түүний удирдлагад Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэгт хариуцлагатай ажил эрхэлж байсан хурандаа нар ажиллах юм байна. 2016 оны хичээлийн шинэ жилээс эхлэн тэнхим үйл ажиллагаа явуулж эхлэх аж. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Оюутан залуучуудад цэрэг-эх оронч хүмүүжил олгох хүндтэй ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа Н.Ням-Осор багшид талархаж байна. УИХ-аас 2015 онд Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг шинэчлэн баталсан. Батлан хамгаалах бодлогын тулгуур баримт бичигт хүүхэд, залуучуудад эх оронч хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт иргэн бүрийн оролцоог хангах, иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд төрийн бүх шатны болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх, цэрэг иргэний харилцааг идэвхжүүлэхийг тусгайлан заасан. Үүний түүчээ болж "Их засаг" сургуулийн удирдлагууд Монголын ирээдүй болсон оюутан залуучуудад эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт сургах, тэдэнд цэрэг-эх оронч болон сэтгэл зүй, бие бялдарын хүмүүжил олгоход анхаарч байгаа нь маш зөв алхам. БХЯ, ЗХЖШ-ын зүгээс мэргэжил аргазүйн хувьд туслалцаа үзүүлэхэд бэлэн байх болно" гэсэн юм.

Үүний дараа Ц.Цолмон сайд оюутан залуучуудад батлан хамгаалах тогтолцоо хуулийн хүрээнд хэрхэн шинэчлэгдэж байгаа тухай мэдээллийг өгч, сонирхсон асуултад нь хариулт өгсөн юм.

Эх сурвалж: БХЯ

Хуваалцах