Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.03) нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлав.
Мэдээллийн алба

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.03) нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлав.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцуулсан юм.

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргажээ.
Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Цэцийн уг дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар танилцуулсан юм. Дээрх хоёр Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Цэцийн дүгнэлт, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн ийм заалтыг хэзээ яагаад оруулсан, О.Баасанхүү Үндсэн хуулийн өөрчлөлт яригдаж байгаа үед сонгуулийн тогтолцоо, хот, тосгоны эрх зүйн байдал, төрийн албаны тогтвортой байдал гэсэн цөөн хэдэн асуудлыг Үндсэн хуульдаа оруулах боломжтой эсэхийг тодруулж асуусан юм. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд урьд нь Улсын Их Хурлын тогтоолоор баталдаг байсан чуулганы хуралдааны дэгийг 2007 онд хууль болгож батлах үед ийм заалт орсон юм билээ гэсэн хариулт өгсөн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын тогтоолоор баталдаг байсан чуулганы хуралдааны дэгийг цэцийн дүгнэлтийн дагуу хууль болгож батлах үед намын бүлгүүдийн ажлын хэсгийг Э.Бат-Үүл бид хоёр ахалж ажилласан. Тэгээд урьд нь “14 хоног” гэж заасан байсныг өөрчилж “7 хоног” гэж шахаж өгсөн юм. Гэхдээ дутуу харсан тал гарсныг хүлээн зөвшөөрч байна гэдгийг хэллээ. Мөн тэрбээр монголчууд бүтэн жил Үндсэн хуулийн асуудлаар амьсгалж байна гэж хэлж болохоор байна. Орон даяар явагдсан хэлэлцүүлгийн явцад иргэдээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан 320 гаруй мянган санал ирүүлснийг нэгбүрчлэн бүртгэж архивын нэгж бүрдүүлэх ажлыг төрийн 150-иад албан хаагч тусгай хяналтын дор хоёр сар шахам хугацаанд хийж байна. Мөн улс төрийн намын хариуцлага, санхүүжилт, төлөвшилт, Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлага, төрийн институци хоорондын харилцааны асуудал гээд төсөлд тусгагдаагүй асуудлуудыг хөндсөн саналууд ч их ирж байгаа. Энэ бүх саналыг нэгтгэж ангилсны дараа Ажлын хэсэг төслийн томьёоллыг боловсруулж өргөн барих бодолтой байгаа, дараа нь Улсын Их Хурлаас томоохон ажлын хэсэг гарч ажиллах байх гэсэн хариулт өгсөн юм.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Мөн энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдийн 75.5 хувийн саналаар баталлаа.
Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах төслийг боловсруулж хэлэлцүүлэх чиглэлийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгөв.


















