“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд сэтгүүлчдийн дунд уралдаан зарлалаа
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд зохион байгуулах “Сэтгүүлчдийн шилдэг бүтээлийн уралдаан”-ы удирдамжийг хүргэж байна.
Мэдээллийн алба

ХААН банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН банк сан, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг өдгөө зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа билээ.
ХААН банк сангаас “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд нийт сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхийн ач холбогдол, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд ард иргэдийн анхаарлыг хандуулах, хүн амын эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, уг өвчинтэй хамтдаа тэмцэх зорилгоор чиглэсэн сэтгүүлзүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан зарлаж байна.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 2018 оноос эхлэн цусны даралт ихсэх өвчний үзүүлэлт өндөртэй тухайлсан аймгуудыг сонгон хэрэгжүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 12 аймгийн нийт 23,000 гаруй иргэнд үзлэг оношилгоо хийсэн юм. 2022 оны хувьд Өмнөговь, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймагт ажиллаж, нийт 7777 иргэнд үзлэг оношилгоо хийж, 240 эмч мэргэжилтнийг чадавхжуулах сургалтад хамруулаад байна.
Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон цусны даралт ихсэх өвчин сүүлийн жилүүдэд нэмэгдэж, тэр дундаа залуусын дунд ч газар авч буй. Иргэдийн дунд цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх үнэн, зөв мэдээлэл дутмаг, хөдөлгөөний хомсдол, жингийн илүүдэл, зохисгүй хооллолт зэрэг амьдралын буруу хэвшил түгээмэл, мөн даралт ихсэлттэйгээ мэддэг ч эмчилгээ, оношилгоогоо бүрэн гүйцэд хийлгэдэггүй зэрэг нь энэ өвчний шалтгаан болдгийг мэргэжилтнүүд онцолдог.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд зохион байгуулах “Сэтгүүлчдийн шилдэг бүтээлийн уралдаан”-ы удирдамжийг хүргэж байна.
НЭГ. Зорилго: Цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн хэрнээ үр дүнтэй аргуудыг олон нийтэд сурталчлан таниулах, эрүүл амьдралын зөв дадал хэвшилд суралцах замаар өрхийн болон эрүүл мэндийн байгууллагад ирэх ачааллыг бууруулах, цусны даралт ихсэх өвчний талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, энэ өвчний хүндрэлийг даван туулж, “Өөрийгөө ялсан” сайн туршлага, энэ чиглэлээр Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн эмчилгээний шинэ арга барил, шилдэг технологийг мэдээ, сурвалжлага, нийтлэлээр дамжуулан сурталчлан таниулна. Манай улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах нь энэхүү болзолт уралдааны гол зорилго болно.
ХОЁР: Хамрах хүрээ: Телевиз, сонин, сайтын сэтгүүлч, уран бүтээлчид
ГУРАВ. Хэрэгжүүлэх хугацаа: 2022.08.25-2022.09.20
ДӨРӨВ. Шалгуур үзүүлэлт:
- Цусны даралт ихсэлтийн эсрэг, урьдчилан сэргийлэх, амьдралын эрүүл дадал хэвшилд олон нийтийг уриалан дуудсан
- Эрүүл мэндийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлсэн
- Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж байгаа эмчилгээ үйлчилгээний үр дүнтэй шинэ арга технологийг сурталчлан таниулсан
- Цус харвалтын хүндрэлээс өөрийн хичээл зүтгэлээр гарч чадсан сайн жишээ, туршлагыг сурвалжлан, үзэгчдийн анхаарал татахуйц сонирхолтой хэлбэрээр мэдээ сурвалжлага, нийтлэлийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн, нийтлэн нэвтрүүлсэн байх
ТАВ. Шалгаруулалтыг зохион байгуулах, дүгнэх: Болзолт уралдаанд ирүүлсэн бүтээлийг заасан хугацаанд хүлээн авч, агуулга, ач, холбогдол, анхаарал татахуйц сонирхолтой найруулгаар эвлүүлсэн, дуу дүрс, инфографикийн өвөрмөц содон шийдэл ашигласан байдал, сошиал орчинд хандалт өндөртэй, хэл найруулга, зөв бичгийн дүрмийн ямар нэг алдаагүй, оюуны өмчийн зөрчилгүй, телевизийн сурвалжлага нь дээд тал нь дөрвөн минутад асуудлаа бүрэн гаргаж чадсан, сонин сайтын нийтлэл сурвалжлагыг хүлээн авч байр эзлүүлнэ.
ЗУРГАА. Бүтээлийг илгээх болон, хүлээн авах хугацаа, хаяг байршил:
Телевиз: Мэдээ, сурвалжлагыг эфирт явуулсан тухайн телевизийн лого тэмдэгтэйгээр DVD
дээр буулган дугтуйд хийнэ.
Сонин, сайт: Сурвалжлага, нийтлэлийг бичгийн А4 хэмжээтэй цаасан дээр хэвлэн, сонины хайчилбар мөн сайтад байршуулсан зургийн хамт дугтуйд хийнэ. Дугтуйн дээр ажлын газрын нэр, оролцогчийн овог нэр, холбогдох утасны дугаар, цахим шуудангийн хаягаа тодорхой, гаргацтай бичин ХААН банкны төв оффисын ресепшинд ажлын өдрүүдэд 09.00- 18.00 цагт хүлээлгэн өгнө.
Уралдааны материалыг тэмдэглэл хөтлөх дэвтэрт заавал бүртгүүлэх, хэрвээ орон нутгаас ирүүлсэн материал бол хүргэж өгсөн хүн өөрийнхөө холбогдох утасны дугаар, нэрийг шуудангаар илгээсэн бол хаягаа тодорхой бичнэ.
Уралдааныг материалыг хүлээн авах эцсийн хугацаа 2022 оны 9-р сарын 20-ны өдрийн 18.00 цаг хүртэл.
ДОЛОО. Шагналын нийт сан: 10.000.000 төгрөг
НАЙМ. ТЕЛЕВИЗИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ШАГНАЛЫН САН
1-р байр Өргөмжлөл 1.500.000 төгрөг
2-р байр /2/ Өргөмжлөл 800.000 төгрөг
3-р байр /2/ Өргөмжлөл 500.000 төгрөг
Тусгай байр /3/ Өргөмжлөл 300.000 төгрөг
СОНИН, САЙТЫН УРАН БҮТЭЭЛИЙН ШАГНАЛЫН САН
1-р байр Өргөмжлөл 1.500.000 төгрөг
2-р байр /2/ Өргөмжлөл 800.000 төгрөг
3-р байр /2/ Өргөмжлөл 500.000 төгрөг
Тусгай байр /3/ Өргөмжлөл 300.000 төгрөг
ЕС. Уралдааны дүнг мэдээлэх. Уралдааны дүнг нийтэд ил тод мэдээлж, МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгаас бэлтгэн нэвтрүүлдэг “Цагийн хүрд” хөтөлбөрөөр шагнал гардуулах үйл явдлыг сурвалжлан мэдээлнэ. Уралдаанд ирсэн бүтээл нь цаашид ХААН банк сан, МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн оюуны өмчид тооцогдоно.


















