Төмөр зам доогуурх нүхэн гарцуудын бүтээн байгуулалтын нийт ажлын явц 74 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар тусгаарлагдсан хотын хойд, урд хэсгийн авто замын сүлжээг нэмэгдүүлэх зорилгоор төмөр зам доогуурх авто замын нүхэн гарцуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Судалгаа, хөдөлгөөний тооцоо, загварчлалд үндэслэн сонгосон байршлуудаас одоогоор гурван байршилд барилга угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд эдгээр нь ашиглалтад орсноор зөвхөн тухайн цэгийн түгжрэлийг бууруулах бус, хотын босоо чиглэлийн шинэ холбоосуудыг бий болгох ач холбогдолтой.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд баригдаж буй Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 96 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн хүрээнд явган болон дугуйн замын ажил бүрэн дууссан бөгөөд нүхэн гарцын дээгүүр байгуулах 90 метрийн урттай явган хүний гүүрийн суурь, тулгуур баганын ажил мөн бүрэн хийгджээ. Одоогоор гүүрийн металл хийцийг угсрах бэлтгэл ажлыг хийгдэж байна.
Харин Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв лабораторийн орчимд хэрэгжүүлж буй хоёр дахь нүхэн гарцын ажил 60 гаруй хувийн явцтай байна. Тус нүхэн гарц нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай холбох 1.48 км авто зам, бүх төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой 5 метр өндөр, 28 м урт 2 нүхэн гарцыг Улаанбаатар төмөр зам болон ТЭЦ-4-ийн салбар төмөр зам доогуур байгуулахаар төлөвлөн авто зам, замын байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна.
Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Гермес” худалдааны төвийн урд хэсэгт баригдаж буй нүхэн гарцын бүтээн байгуулалт 73 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Уг гарц нь Нарны замыг Тээвэрчдийн гудамжтай холбох бөгөөд төмөр бетон байгууламжийг түлхэн суурилуулах “box jacking” технологийн үндсэн ажил, хойд талын U суваг болон түшиц ханын ажил бүрэн дууссан. Урд хэсэгт “Од групп” ХХК, “Глобал бридж” ХХК-ийн орц, гарц төслийн нөлөөлөлд өртсөнтэй холбоотой асуудлаар талууд тохиролцоонд хүрээгүйгээс тодорхой хугацааны саатал үүссэн.
Нүхэн гарцуудын бүтээн байгуулалтад авто замаас гадна явган зорчигч, дугуйтай иргэдэд зориулсан зам, гүүр, ногоон байгууламж, ус зайлуулах байгууламж зэрэг дэд бүтцийг хамтад нь төлөвлөсөн бөгөөд төмөр зам болон авто замын хөдөлгөөнийг хоёр түвшинд зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх юм. Төмөр замын дагуух дөрөв дэх байршилд мөн судалгаа, хөдөлгөөний тооцоо, загварчлал хийж, загвар зургийг 2 урсгал бүхий 6 эгнээтэй байхаар боловсруулж Нийслэлийн ерөнхий архитектороор батлуулсан бөгөөд цаашид тус байршлын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажилд дээрх мэдээллийг суурь материал болгон ашиглах боломжтой юм.


















