“ДАКАР 2026”: Монголын багийн тугчаар сонгогдсон Т. Төгсхүслэн нь жүдо бөхийн төрлөөр эх орноо төлөөлөн өрсөлдөнө
Мэдээллийн алба

Африк тивд анх удаа зохион байгуулагдаж буй Залуучуудын IV олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох жүдо бөхийн тамирчин Т. Төгсхүслэн дасгалжуулагч Б. Баттөмөрийн хамт Сенегал улсын Диамниадио хотод байрлах Тамирчдын хотхонд хүрэлцэн ирлээ.

Монголын багийн тугчаар сонгогдсон Т. Төгсхүслэн нь жүдо бөхийн төрлөөр эх орноо төлөөлөн өрсөлдөх бөгөөд 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, 2026 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртэж, 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд долдугаар байр эзэлсэн амжилттай тамирчин юм.

Тамирчдын хотхон өнөөдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, оролцогч баг, тамирчдыг хүлээн авч байна. Олон улсын олимпын хорооны мэдээлснээр, одоогийн байдлаар 163 Үндэсний олимпын хороо тус хотхонд хүрэлцэн ирээд байна.
“Дакар 2026” Залуучуудын IV олимпын наадам 2026 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-ны өдрүүдэд Дакар, Диамниадио, Сали хотуудад зохион байгуулагдана. Наадамд 25 спортын төрөлд 2,700 орчим тамирчин оролцож, 153 багц медалийн төлөө өрсөлдөх юм.


















