“Дакар-2026” Залуучуудын зуны IV Олимпын наадам аравдугаар сарын 31-нд эхэлнэ
Мэдээллийн алба

“Дакар-2026” Залуучуудын зуны IV Олимпын наадам 2026 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сенегал Улсын Дакар, Диамниадио, Сали хотод зохион байгуулагдана.
Энэхүү наадам нь Олимпын хөдөлгөөний түүхэнд Африк тивд зохион байгуулагдах анхны олимпын наадам гэдгээрээ онцлог юм. Залуучуудын олимпын наадамд дэлхийн 204 орны 15–17 насны 2,700 орчим тамирчин спортын 25 төрөлд 153 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Наадмын хөтөлбөрт хөнгөн атлетик, усанд сэлэлт, жүдо, бокс, элсний бөх, байт харваа, таеквондо, 3х3 сагсан бөмбөг, элсний волейбол, футзал, спорт гимнастик, скейтборд зэрэг 25 спортын төрөл багтжээ.
Монгол Улсаа төлөөлөн бокс, дугуй, жүдо, элсний бөх, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлтийн зургаан төрөлд нийт 10 тамирчин өрсөлдөнө.
Хүйсийн тэгш оролцоог хангана. “Дакар-2026” наадам эрэгтэй, эмэгтэй тамирчдын оролцооны тэнцвэрийг хангах зорилт дэвшүүлсэн бөгөөд Африк тивийн 54 Үндэсний олимпын хорооны баг тамирчдыг оролцуулахаараа онцлогтой.
Шинэ төрлүүд нэмэгдлээ. Бейсбол5 болон ушугийн таолу төрөл олимпын наадмын хөтөлбөрт анх удаа багтаж байгаа бол дүрвэгч залуучуудын олимпын баг энэ удаагийн наадамд анх удаа оролцоно.
Спортын өрсөлдөөнөөс гадна тамирчдад боловсрол эзэмших, соёлын солилцоонд оролцох, олимпын үнэт зүйлсийг танин мэдэх боломж олгодгоороо залуучуудын олимпын наадам онцлог юм.
Наадмын түүхээс: Залуучуудын зуны анхдугаар олимпын наадам 2010 онд Сингапурт, хоёр дахь нь 2014 онд БНХАУ-ын Нанжин хотод, гурав дахь нь 2018 онд Аргентины Буэнос-Айрес хотод тус тус зохион байгуулагдсан. Харин “Дакар-2026” нь зуны залуучуудын олимпын IV наадам болох юм.


















