Төрийн алба хаагчид оффшорт данстай байхыг хориглох хуулийн төслийг дэмжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар бую 64.8 хувийн саналаар дэмжлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар бую 64.8 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү дэмжсэнээр хуулийн төслийг холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Зүүн европ, Төв азийн авлигын эсрэг сүлжээнээс Монгол Улс дахь Авлигын эсрэг шинэчлэлд хийгдсэн Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний нэг дэх болон хоёр дахь үнэлгээний тайлангийн зөвлөмжид “... Хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй болон худал мэдүүлэг өгсөн албан тушаалтанд хүлээлгэх үр дүнтэй, дахин ийм байдал гаргахгүй талаас ял шийтгэл авах”, “...Ял шийтгэлийг чангатгах хэрэгтэй бөгөөд хөрөнгө, орлогын мэдүүлгийг буруу мэдүүлсэн тохиолдолд эрүүгийн ял, шийтгэл оногдуулдаг болох талаар судалж үзэх хэрэгтэй” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах чиглэлээр Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгах”, “Мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх” гэж авч хэрэгжүүлэх арга хэмжээг тус тус заажээ. Монгол Улсад хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхийн хирээр манай улсын гадаад харилцаа, бизнесийн салбар хурдацтай хөгжин гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд олширч, эдгээр компаний хувьцаа эзэмших, гадаад улсад данс нээлгэх иргэдийн тоо өссөөр байна.
Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүс, гадаад улсад банкны данс болон гадаадын хөрөнгө оруулалттай компаний хувьцаа эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурч байна. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдыг гадаад улсын нутаг дэвсгэрт банкны данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Иймд дээрх хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ёс зүйн хэм хэмжээг баримтлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ, эсхүл нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үед гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох, нийтийн албанд томилогдох эсхүл сонгогдох тохиолдолд урьдчилан мэдүүлэх, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэрэг асуудлыг тодорхой зохицуулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Ингэхдээ албан тушаалтны гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зэрэг үндсэн эрх, бусад хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд оффшор бүсэд оршин суух, зорчих зэрэг хэрэгцээ шаардлагыг харгалзан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах асуудлыг хориглолтонд хамруулахгүй байхаар зохицуулсан гэсэн юм.
Хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр гишүүд дараах асуултыг асууж хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 2013 онд ОХУ Ерөнхийлөгчийн зарлиг гаргаад төрийн албан тушаалтны жагсаалт гаргаад гадаадад данс эзэмшихийг хориглосон. Энэ нь тус улсын хуульд нэмэлт болж орсон байдаг. Энэ асуудал дээр улстөржих хэрэггүй. Оюутан байхдаа 10 ам.долларын данс нээж байсныг нь данстай гээд “очиж дансаа хаа эсвэл хариуцлага хүлээ” гэж болохгүй л байх.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ хуулийг оруулж ирж байгаад туйлын баяртай байна. Энэ хууль нь цаг үеэ олсон хууль байна. Ажлын хэсгийнхан гадаад орны туршлагыг багагүй тусгаж өгсөн байна. ХОМ гаргадаг албан тушаалтанд хамааралтайгаас бус хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүст хамаарахгүй гэдгийг сайн мэдээлэх ёстой. Тэгэхгүй бол гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж магад болоод байна. Төрийн өндөр албан тушаалтан, төрийн болон улстөрийн алба хаагчдын эрхийг энэ асуудал дээр хязгаарлаж өгөх нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Сүүлийн үед оффшорыг хууль ёсны зөв юм шиг мэтээр ойлгуулах мэдээлэл газар авч байна. Оффшор бол авлигатай холбоотой мөнгөний эх үүсгэсврийг нуудаг, аж ахуй нэгж татвараас зайлсхийж мөнгөө хадгалдаг шүү дээ. Яагаад татвараас нуусан мөнгийг яагаад зөвшөөрөх гээд байгаа юм бэ. Өмнө нь дансаа нээчихсэн төрийн болон улс төрийн албан тушаалтан хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү. Гэр бүлийн гишүүн, төрсөн ах дүү, эцэг эхтэй нь хамааруулж болох уу. УИХ-ын гишүүн сонгогдохоосоо өмнө данстай байхыг хориглох боломж байна уу?
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтнууд өөрөөр хэлбэл ХОМ гаргадаг хүмүүс оффшор данстай байхыг хориглоно. Оффшорыг дэмжсэн биш хориглосон хууль болсон. Ах дүү, найз нөхөд, аав ээжийнхээ нэр дээр данс нээхийг хориглох боломж байгаа эсэхийг судалсан. Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн асуудлын улмаас гэр бүлийн иргэдийг нь данстай байхыг нь хориглож болохгүй байгаа юм. Гэхдээ хэн нэгний нэр дээр мөнгө хадгалсан бол олж тогтоон, хариуцлага тогтооно.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Хориглосноор энэ асуудал шийдэгдэх үү? Гадаадад ажиллаж байгаа албан тушаалтнууд гадаадад ажиллахдаа гүйлгээ хийж, онлайнаар төлбөр тооцоо хийсний хариуд хариуцлага хүлээх юм уу. Бусад улсуудад шууд хориглодоггүй шүү дээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудыг гадаадад данс эзэмшдэг асуудалд өнөөдөр ямар ч зохицуулалт байхгүй байна. Оффшор бол дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн харилцаа байгаа юм. Гэтэл хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс хууль бус үйлдэл хийж байгаа юм шиг. Нөгөө талаар хууль бусаар олсон мөнгөө хадгалж байгаа иргэд хуулийн дагуу мөнгөө хадгалуулж байгаа юм шиг харагдаад байгаа юм. Энэ хууль батлагдсанаар энэ асуудлыг бүрэн зохицуулна гэсэн үг.
УИХ-ын Б.Пүрэвдорж: Эх оронч бус хүмүүс татвараас зугтаж мөнгөө аваачиж оффшорт нуугаад байгаа юм. Хуульд өмнөх оффшорчид хариуцлага хүлээхгүй гэж заасан юм бишүү. Өмнө нь оффшор данстай байсан хүмүүст яаж хариуцлага хүлээлгэх вэ?
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хууль эргэж үйлчилдэггүй гэдэг зарчим байдаг. Энэ хуулийг 2013 онд буюу С.Баярцогт гишүүний данс илэрч байх үед хуулийг баталсан бол оффшор данстай нийтийн албанд ажиллаж байгаа нөхөд хариуцлага хүлээх боломжтой байсан юм. Энэ асуудлыг яаралтай зохицуулахгүй бол таны хэлж байгаа 50 оффшортон чинь одоо 500 болох болов уу.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Манай улсын хувьд солгой гараараа хууль бус зүйлийг дараад баруун гараараа дэмжээд байдаг юм. Өмнө нь “буруу замаар” мөнгө олж байсан нөхөд хариуцлага хүлээх боломжгүй болоод байна. Хөрш орнууд 5-10 жилийн өмнө авлига авсан хүмүүсийг олж хариуцлага тооцож байна. төрийн болон төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсээс гадна гэр бүлийн хүн нь гэж нэмж оруулж болох уу. Өөрийнхөө нэрээр мөнгөө мөнгөө нуудаг хүн цөөн шүү дээ.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: Ажлын хэсгийн төвшинд гэр бүл, найз нөхөд, хамаарал бүхий нөхөд гэж өргөсгөх үү гэдэг асуудал яригдсан юм. Аливаа хуулийг өргөн мэдүүлэхдээ Үндсэн хуультай нийцүүлэх ёстой. Гэтэл Үндсэн хуульд гэр бүлийн гишүүд, төрөл садныг хамааруулж болохгүй гээд тодорхой заачихсан байгаа юм.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэж УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар дэмжиж хуулийн төслийг холбогдох байнгын хороонд шилжүүллээ.


















